Манлай уяач Б.Мөнхтөр: Манайхан тэгш ойн жилүүдэд их сайхан нааддаг

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 29 -нд

-Манлайн амжилтын цуваа нэгээр нэмэгдэж байна. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Монголчууд аливаа зүйлийг эхлэлээр шинждэг уламжлалтай ард түмэн. Тухайн үйлийн эхлэл зөв сайхан байвал, үргэлжлэл мөн л тийм байна гэж. Түүхт ойн төрийн наадмын эхний өдөр одтой сайхан наадаж, хээр буурал үрээ маань айргийн гуравт хурдалж наадамчин олон бид бүгдийг баярлууллаа. Сэтгэл их өндөр байна.
-Таныг моринд хөтлөн оруулсан Түвдэн Манлай одоогоос яг 30 жилийн өмнө мөн төрийн наадмын гурван түрүү хүртэж байсан бахдам түүхтэй?
-Миний нагац ах Түвдэн 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн их баяр наадамд их морь, хязаалан, соёолон түрүүлгэж, Монголын хурдан морины түүхэнд тодоор бичигдэх амжилтын эзэн болж байсан юм.
Мөн 1991 онд АХ-ын 70 жилийн ойн баяр наадамд ч морь айрагдуулж байсан. Харин АХ-ын 80 жилийн ойн баяр наадмын өмнөхөн ах маань бурхан болж, хүү Батцоож нь аавынхаа зүсэлж өгсөн хонгор халзан азаргыг төрийнхөө их баяр наадамд түрүүлгэж байсан юм. Үүний дараа Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ойгоор Түвдэн ахын дүү Эрдэнээ ахын маань даага түрүүлж, даага гурвалж байсан.  Харин 90 жилийн ойгоор миний хязаалан айрагдлаа. Ер нь манайхан тэгш ойн жилүүдэд их сайхан нааддаг. Хүмүүс ч тэрийг мэддэг болохоор танайхан юм дуулгах байхаа гэж байсан нь биеллээ оллоо.
-Хязаалангийн уршил гарвалын талаар?
-Хээр буурал үрээ маань миний хурдан бор морины төрсөн дүү нь байгаа юм. Даага, шүдлэндээ эрлийзүүдтэй уралдаад 15,16-аар л ирдэг байсан юм. Харин энэ жил ялшаж уралдуулаад айргийн гуравт давхилаа.
-Манлай ялгаж уралдуулах шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Энэ үнэхээр цагаа  олсон зөв шийдвэр байсан. Монголын ард түмний хүсэн хүлээж байсан шийдвэр гэдэгт эргэлзэхгүй байна. ММСУХ-ны одоогийн удирдлагууд цаг үеэ мэдэрч, уяачид хурдан морь сонирхогчдын магнайг тэнийлгэсэн ийм шийдвэр гаргасанд ганц би биш олон хүн баяртай байгаа байх.
-Түүхт ойн наадамдаа хичнээн хурдан хүлэг сойсон бэ?
-Уг нь нас болгонд уясан ч ханиад томуунаас болоод нэлээд нь хасагдах юм шиг байна.
-Мягмарсүрэн заанаас эхлээд танай гал бүл нэмсэн байна лээ? Галын бусад уяачдын морь ямархуу байгаа вэ?
-Манай галд Говь-Алтай аймгийн харъяат улсын начин Баатар,  Ховд аймгийн харъяат улсын заан Мягмарсүрэн болон Батбаяр, Булганы Могодын Дэлгэрсайхан нарын нэлээд хэдэн бөхчүүд морь уяж байгаа. Сая хязаалангийн уралдаанд хоёр үрээ мордсон. Баатар начны хүрэн үрээ арав гаргаад ирлээ. Нэг үрээ ханиадтай гэсэн шалтгаанаар хасагдсан. Дараа дараагийн наснуудад гайгүй сайхан давхих байхаа.
-Баярлалаа. Дараа дараагийнх уралдаануудад амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. 

"Тод магнай" сэтгүүл дугаар 19

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна