“Чандмань тал” ХХК-ийн захирал, Аймгийн Алдарт уяач Ж.Энхболд:Энэ жил хүүгийн маань ажил үйлс бүтэх байхаа

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 04 -нд

-Төрийн наадмын хишиг хүртсэн баярт мөчид уулзаж байгаадаа баяртай байна. Энэ таны хувьд улсын наадмын хоёр дахь айраг байхаа?
-Тиймээ, одоогоос хоёр жилийн өмнө АХ-ын 88 жилийн ойгоор буюу 2009 онд шүдлэн үрээ айрагдуулж байсан. Энэ жил АХ –ын 90 жилийн ойн их баяр наадамд даага айрагдууллаа. Хүрэн даагаа хүүгийнхээ нэр уралдуулсан, та бүхэн анзаарсан байх. Энэ жил миний хүүгийн  ажил үйлс бүтэмжтэй байх байхаа.
-Хүү нь бас моринд хорхойтой юу?
- Тэгэлгүй яахав. Монгол хүний цусанд адуу байдаг гэж үнэн юм билээ. Би адуутай болоогүй байхдаа л овооны наадам ч алгасахгүй үздэг байсан. Одоо хүүхдүүд маань бас аавыгаа дагаад морь маланд их хорхойтой. Өвлийн нэг уралдаанд том хүүгийн маань соёолон түрүүлээд, тэрнээс хойш л манайхан ер нь моринд их хорхойтой болсон шүү.Сая айрагддаг хүрэн даагаа АНУ-д сурдаг хүүгийнхээ нэр дээр уралдуулсан. Би өмнө нь “Хүүгийнхээ нэр дээр морь мордуулнаа” гээд амлачихсан байсан юм. Тэгсэн нэг мэдсэн бүгдийг нь өөрийнхөө нэр дээр бичүүлчихсэн байсан. Тэгээд даагаа хүүгийнхээ нэр дээр бүртгүүлсэн. Хүү маань уяач Зоригоо ахтайгаа байнга утсаар ярьж даагаа асууж байсан гэсэн. Даага уралдаж байхад байнга л утсаар яриад байсан.
-Дааганыхаа угшил гарвалын талаар яривал?
- Эх нь манай уяач Батзоригийн гүү байгаа юм. Эцэг нь нэг халзан цавьдар азарга байсан юм. Ер нь бол  Цагаан-Овоо зүгийн адуу.
-Түүхт ойн наадамдаа хэдэн насны адуутай ирсэн бэ?
Гурван насны зургаан адуутай ирсэн. Хоёр хязаалан, нэг шүдлэн, гурван даагатай.
-Өнгөрсөн жил улсын наадамд ирж амжаагүй юу?
-Тиймээ, ажлын байдлаас болоод 2010 оны наадамд оролцож чадаагүй. Миний хувьд 2005 оноос хойш жижиг том наадмуудад уралдаж байгаа. 2009 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Сонирхуулаад хэлэхэд 2008 онд улсын наадамд зургаалсан хязаалангаа “Уулс трейд”-ийн Галбадрахад зарсан нь дараа жил нь соёолондоо айрагдсан.
-Бүсийн наадамд ямархан амжилт үзүүлж байсан бэ?
-Одоогоор айраг түрүү хүртээгүй байна.
-Энхболдын хувьд адуутай холбогдсон нь ямархан учрал тохиол вэ?
-Би дээр хэлсэн дээ. Ер нь адуу маланд их хорхойтой байсан гэж. Дээр нь манай өвөг дээдэс адуутай хүмүүс байсан. Тэр нь нэхэгдээд, морь мал сэтэрлэсэн юм.  Тэгж байгаад л  2002 онд Матад сумаас нэг азарга, нэг гүү авч, түүнээс хойш адуу нэлээд цуглуулсаан.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна