Алдарт уяачийн ажнай шарга

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 04 -нд

Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жил гээд дөрвөн их түүхт ой давхцсан энэ жилийн  баяр наадмын хурдан дааганы уралдаанд МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын шарга  аман хүзүүнд хурдалсан. 
Улсын наадмын амжилтаа Дундговь аймгийн 70 жилийн ойн түрүүгээр ахиулсан  шарга үрээ МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу гэдгийг морь сонирхогчид дуулсан байх. Тод манлайн улсын наадамд айрагдаж байсан саарал азарганы угшилтай, /эцэг хул азарга нь өнгөрсөн жил болсон бооцоот уралдаануудад нэг түрүүлж, нэг айрагдсан. Харин эх  нь тойруулга  болон Содномпилын адууны угшилтай шарга гүү  бий./ шарга үрээ хавар “Ирээдүйн түмэн эх”-ийн эрлийз даагуудтай уралдан бэлтгэж базааж байсан бол, наадмын өмнө сунгаануудад тогтмол тархинд уралдаж байжээ.
Тод манлайн тооцоо ёсоор болж, хавар эрт уягдсан шарга даага 260 гаруй хурдан хүлгийн дэд байрт хурдалмагц, нэг уяаны хуурай ах дүүсийн ханцуйн дотрох наймааны талаар хэвлэлээр цуурч эхэлсэн. “Хишгээ шарга даагыг нь 35 саяар авч  гэнэ, үгүй 80 саяар авч гэнэ” гээд л... Энэ тухайд эзэд нь өөр тайлбар хийж буй юм.
Хоёр талын хурдны удамтай,  хавар эрт уягдсан шарга даага Алдарт уяачийн нүднээ тусаж, түүнийгээ наадмын өмнөхөн Тод манлайд уламжилжээ. Яг тэр үеэр нь “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ шарга үрээг мөн сонирхон үнэ хэлж байсан аж. Гэвч Тод манлай сүүлийн таван жил нэг уяанд морь уяж буй адуунд хорхойтой дүүгийн саналыг болгоон шарга үрээгээ бэлэглэж, Хишгээ ч ахын бэлгэний хариуг барьсан байна. Ийнхүү тогоруу цустай шарга үрээ Д.Хишигжаргалын хэмээн цоллогдох болжээ. Д.Хишигжаргалын хувьд 1998 оны улсын баяр наадамд хээр морио айрагдуулж байсан бөгөөд /аавынх нь нэр дээр уралдсан байдаг/ түүнээс хойш хонгор азарга, хээр мориныхоо амжилтаар МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болоод буй юм.

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна