Лондонд эзэн Чингис хааны хөшөөний нээлт болов

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 15 -нд

Эзэн богд Чингис хааны морьт хөшөө Их Британийн нийслэл Лондоны төв хэсэг болох Марбл Арчид олон нийтэд нээсэн тухай  “BBC” мэдээллээ. Хүрлээр бүтээсэн, 16 фүүт буюу таван метр өндөр энэхүү хөшөөг Буриадын уран барималч Даши Намдаков  бүтээсэн бөгөөд есдүгээр сарын эхэн хүртэл тэнд нь байрлуулах гэнэ. Монголын нүүдэлчдийн түүх, соёл, уламжлалыг ихээхэн  сонирхож судалдаг уран барималч Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан түүнд хүндэтгэл үзүүлэхээр энэхүү хөшөөг бүтээсэн байна.

Сибирийн нэгэн жижигхэн тосгонд төрж, Буриадын буддист соёлын дунд өсч хүмүүжсэн тэрээр “Би түүнийг агуу дайчин гэдгээр нь харуулахыг хүссэн, зорьсон. Гэхдээ тэр агуу сэтгэгч, миний эх оронд бол бурхан л гэсэн үг” гэж ярьжээ. Их Британийн  Уэстминсрийн зөвлөл түүний бүтээлийг зуны Олимп, Паралимпийн наадмыг дуустал үргэлжлэх хотын Уран барималын  фестивальд зориулан сонгож, Марбл Арчид онцгойлон байрлуулсан байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна