Хангалын голын хурдыг халхад гайхуулсан Буриад баавай

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 20 -нд

МУ-ын Алдарт уяач Н.Дашбалжир Хангалын голын хамгийн олон, шилдэг хурдан хүлгэдийн эзэн гэдгээрээ ялгардаг. Тэшиг сумын уугуул түүнийг нутгийн зон олон нь “Буриад баавай” хэмээн авгайлах нь бий.
 Хангалын голын хурдан хүлгэдийн хатыг халхын наадмын торгон ногоон дэвжээнээ гайхуулж явсан энэ эрхэм Булган нутгийн бахархалт уяачид зүй ёсоор нэрлэгдэнэ.
1994 онд Н.Дашбалжир Алдартын хурдан хээр үрээг Ш.Отгонбилэг агсан тухайн үедээ бас ч үгүй хөөрхөн үнэ /800,000 төгрөг/ өгч байж аван төрийн наадамд 20-иор давхиулж байсан билээ. Хашир уяачид  тэрхүү наадмын тухай: “Уяач нь алдаа гаргаагүй байсан бол урдуур давхих байсан” хэмээн хэлэлцдэг. Энэ нь ч бас учиртай.  Хээр үрээний уяаг тааруулж байсан Цэнгэл уяа заслын сүүлийн 7 хоногт хээр соёолон тун бага ус ууж, уралдахын өмнө бүр амсах ч үгүй байгааг анзаарсан хэр нь хэлэлгүй өнгөрөөснөөс болж уралдааны дараа хээр үрээ хөрвөөн Ш.Отгонбилэг агсныг нэлээдгүй сандрааж. Тэр даруй Дорнойн Сундуй агсныг дуудан самсаа, хасыг нь хатгуулж гүенг нь огтлон сэргээж байсан нь гэдэг. Ийнхүү Алдартын унаган хүлэг төрийн наадмын торгон ногоон дэвжээнээ тоосоо өргөсөн нь энэ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1996 онд Буриад баавай хоёр халзан морьтойгоо төрийн наадмыг зорин ирлээ. Хүй долоон худагт болсон 19 км-ийн их давхилд зээрд халзан морь нь жишиггүй хол түрүүлж, үзүүр дээрээ 50 км/цагийн хурдыг үзүүлэн хөндий даяар шуугиулах нь тэр. Учир мэдэх уяачид Булганаас ирсэн халзан морь ч баараггүй орох нь хэмээн өөр зуураа хуучилж байлаа.
Төрийнхөө баяр наадамд тоосоо өргөхөөр ирсэн газар газрын хурдан хүлгэд гарааны зурхай руу хөдлөв. Удалгүй Дашбалбарын зээрд халзан Тод манлай уяач Батхүүгийн хул морийг Буянт-Ухаад гүйцэн түрүүлж, хойноос нэхэн хөөсөн хүрэн халзан морь нь аман хүзүүдэх нь тэр. Ийнхүү Булган хангайн уяач тэр наадмын түрүү, аман хүзүүг хүртэв.  Харамсалтай нь морьд дутуу эргэсэн гэсэн шалтгаанаар тооцолгүй хаа холоос зорин очсон Алдарт уяачийн бүтэн жилийг хөдөлмөр салхинд хийсгэж урмыг нь хугалж орхисон хэмээдэг. Тэр цагаас Хангалын голын хурдан хүлгэд төрийн наадамд уралдаагүй юм. Гэсэн хэдий ч Буриад баавай төрлөх нутагтаа бахтай сайхан наадсаар байсан аж.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна