Бэсрэг угшлын эзэн

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 21 -нд

Орхон, Сэлэнгэ, Булган гээд бүс нутгийн хэмжээнд “Хишгээ” адуу гэх бэсрэг угшил бий. Сономбалын Хишгээ нь энэхүү хурдан адууны нутгийн нэгэн бэсрэг угшлыг гаргасан амжилтаараа ММСУХ-ны хүндэт өргөмжлөлийг хүртсэн хөдөлмөрч нэгэн юм. ОХУ-ын Буриадын Будённый, Орлов зэрэг шилмэл угшил, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Уртын Дамдинжав, Гонгор нарын адууны Донир угшил, Галшар, Төв аймгийн Жаргалант,Сэлэнгэ, аймгийн Цагааннуур,Буриадаас орж ирсэн “Мустанг” хар, жороо хар, хурдан хар зэрэг азарганууддаа нутгийн угшил сайн гүүнүүдийг хураалгаж өөрийн гэсэн угшилтай болсон гэдэг. Түүний унаган адуу гэвэл ОХУ-ын Буриадын Будённый үүлдрийн хүрэн халзан азарганы үр төлүүд юм. Энэ азарга нь дөрвөн хөл бахим хүчирхэг, үс сагаг ихтэй, толгой том, бярлаг адуу байсан бөгөөд тэр шинжүүд нь одоо ч хадгалагдаж байна. Түүний “Хоёр сарт” хэмээх сартай, хамар  цагаан хээр даага 2005 оны Орхон, Булган аймгууд, сумдын наадамд даагандаа 13 түрүүлж, нэг аман хүзүүдсэн тэр хавьдаа дархан адуу.  Хээр дааганы эцэг нь Жаргалант угшилтай хар азарга бөгөөд түүний эцэг нь аймагтаа гурав түрүүлсэн Жал панзын хар хэмээх хурдан азарга байжээ. С.Хишгээ угшил сайт хурдан хүлгэдийнхээ буянаар аймгийн наадмаас 30 түрүү, 50 гаруй айраг хүртэн аймгийн Алдарт уяачаар өргөмжлөгдсөн. Бугат сумын уугуул зоотехникч мэргэжилтэй энэ эрхэм олон сайхан хурдан буян төрүүлсэн морин зүтгэлтэн юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна