Аймгийн Алдарт уяач Д.Баяртогтох: Том наадмуудад оролцож чансаагаа ахиулахыг хүсч байна.

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 22 -нд

-Шинэ цолтон болсонд тань баяр хүргэе? Хэдэн жил морь уяж байна вэ?
-Баярлалаа. 30 жилийн өмнө анх морь уяж эхэлж байлаа. Одоо санахад саяхан мэт боловч их хугацаа өнгөрсөн байна шүү. Энэ хооронд сумандаа их олон айраг түрүү авч байлаа. Саяхнаас аймагт уралддаг болоод байгаа. Одоогоор аймагт 2 түрүү, 3,4-н айраг аваад байна.
-Улсын чанартай томоохон наадмуудад оролцож байна уу?
-Том наадмуудад оролцож чансаагаа ахиулахыг хүсч байна. Гэхдээ аливаа юм цаг хугацаатай байдаг бололтой. Саяхнаас л аймагт уралдаж эхлээд байгаа. Манай аймгийн морин спорт холбооны дэд тэргүүн Батдорж азарга бэлэглэсэн юм. Надад даагандаа ирсэн, Завханы Тэсийн унага л даа. Шанхад долоогоор давхисан сайхан амьтан бий.
-Урьд нь яаж давхиж байсан бэ?
-Соёолондоо их олон түрүүлж байсан. Сум, аймагтаа нэг айрагтай. Цогт овоогийн 50 жилээр соёолондоо айрагдаж байлаа. Энэ мэт эзэндээ баяр баясал авчирсан хурдан буянгууд олонтой л доо. Сүхбаатар аймгаас авсан бор азарга маань аймгийн цагдаагийн 70 жил, аймаг бүсийн наадамд дажгүй давхилаа. Миний адууны ихэнх нь л зүүн чигийн байх шив дээ.
-Таны авчирсан адуунуудын үр төл яаж давхиж байна. Уяж эхэлсэн үү?
-Энэ жил л даага шүдлэн болцгоож байна. Одоохондоо уяагүй байгаа.
-Хөгшчүүлтэй уулзаж байхад уяаны арга барил цагийн аясаар их өөрчлөгдөж байна гэлцдэг. Танай нутагт уяаны арга барил хэрхэн өөрчлөгдөж байна?
-Манайх ч голцуу тэжээлтэй уралддаг. Тэжээлгүй уралдуулна гэхэд хэцүү л дээ. Яахав ганц нэг уралдаж болох ч олон чадахгүй шүү дээ. Тэгээд ч сайн морийг олон тавихгүй. Гамнаж гамнаж улсын чанартай наадмуудад л тавьж байгаа юм чинь.
 Туулга, тарилга гэхчилэн ойр зуурын эмчилгээг ч хийж байна. Олон давхиад  ядарсан үед нь дусал хийнэ. Гэхдээ эм, тариа гэж юу байхав.
-Төгрөгийн олон жил тогтмол сайхан хурдалж, амжилт гаргасан ямар ямар хурдан хүлгүүд байдаг вэ?
-Байлгүй яахав. Олныг нэрлэх болох байна. Дондовянцангийн хар азарга аймаг, сумандаа олон түрүүлж байв. Манай сумын унаган адуу. Мөн Батсүрэнгийн бор, Бямбадоржийн хээр гээд л. Сүүлийн үед манай Ганболд, Батдорж бид хэдийн морьд сайхан хурдалж байна.
-Та хаагуур нутаглаж байна вэ?
-Говь руугаа нутагладаг.
-Хангайд уясан адуу говьд очихоор уяа нь өөрчлөгдчихдөг гэлцдэг. Тийм үү?       
-Хангай тал руу гарч уралдахаар хоол солигдох нь бий. Говь талдаа бол гайгүй шүү. Би хэвэг тэжээлээр л болгочихдог юм.
-Олон сайхан наадмын оролцогч, үзэгч байлаа. Тэднээс хамгийн сэтгэл догдлуулсан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Ноднин Цогтцэцийд очиж уралдсан. Ёстой л газар газрын хурдан ажнайнууд цугласан байсан. Таван морьтой очоод хоёр түрүү, гурван айрагтай нутгаадаа буцаж явахад цаанаа л өег байдаг юм билээ.
-Ярилцсанд баярлалаа. Уясан бүхэн тань босоо байх болтугай.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна