АХ-ын 90 жилийн ойн улсын баяр наадамд түрүүлж айрагдсан хурдан соёолонгууд

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 25 -нд

Н.Ижилбаярын Нийслэл хар

Зургаан насны морьдоос хамгийн хийморьтойд тооцогддог соёолонгийн уралдаан жилийн жилд хамгийн олон үзэгчтэй, хамгийн дуулиантай нь байдаг. Дөрвөн их тэгш ой тохиосон энэ жилийн наадам илүү өтгөн, илүү өрсөлдөөнтэй байсан нь мэдээж. Халхын  цуут 310 хүлэг шандас шалгасан  соёолонгийн уралдааныг Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул , Нийслэлийн Алдарт уяач, “Өлзийт сангийн далай”компанийн захирал Н.Ижилбаярын хар үрээ өнгөлж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.

Туулай жилийн анхны уралдаан “Дүнжингаравын хурд 2011”  хаврын бүсийн уралдаанд гарсан цагаасаа эхлэн айргийн дөрөвт зарлагдсаар үзүүр дээр суун долоолсон хар үрээ  хэдхэн хоногийн дараа болсон Нүүрэнтэй хурд-2011 бүсийн уралдаанд саахалтын зайтай түрүүлэн наадамчин олны самсааг шархируулсан нь төрийн наадмын түрүү Н.Ижилбаярын хар байсан юм.

Одоогоос таван жилийн өмнө Дорнод аймгийн Цагаан-Овоо  сумын уугуул хуурай дүү Батсайхандаа  /Ирээдүйн түмэн эх-2011 уралдаанд даага  түрүүлгэсэн, аймгийн Алдарт уяач Батзоригийн төрсөн дүү/ Н.Ижилбаяр “аятайхан гүү мэдэж байгаарай” хэмээн захижээ. Дүү ч моринд дуртай ахын захиасыг биелүүлж өөрийн адуунаас хар унагатай гүүг зүслэн өгсөн гэдэг. Эхтэйгээ ирсэн хар унага даагандаа ихэд туниа муутай байсан учир өнжөөж, шүдлэн, хязааланд нь уятал улсын наадамд аравт хурдалжээ. Гэхдээ Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах “Нийслэлийн хурд”-д шүдлэндээ түрүүлэн, хязааландаа аман хүзүүнд хурдалж, ер нь л нийслэл тойрсон уралдаануудад айраг түрүүнээс  салахаа болив. Тиймээс ч Өлзийт хорооллын уяачид “Н.Ижилбаярын Нийслэл хар” хэмээн цоллох болсон гэдэг. Нийслэл харын амжилтын цуваа үүгээр дуусахгүй  300.000 төгрөгийн бооцоот уралдаанд  түрүүлж, хязааландаа Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн даншигт наадамд аман хүзүүнд хурдалсан эрлийз адуутай эн тэнцүү уралдаж буй энэ цагийн эрхгүй хурдан буян.  Удамт өвгөдийн буухиаг таслаагүй эзнийхээ урмыг мялаан улс бүсийн наадмаас хоёр түрүү, хоёр айраг хүртээд буй  Нийслэл харын тухайд товчхон өгүүлэхэд ийм байна.

С. Ганболдын Янзган зээрд

Түүхт ойн төрийн их баяр наадамд өврийн хангайн уяачид гал бутарсан одтой, ганзаган дүүрэн айрагтай дэлгэр сайхан наадсан. Тэдний нэг нь  Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрсэнгийн Ганболд. 2007 оны “Говьшанхын хурд” бүсийн наадамд Ноён хээр азаргаа айрагдуулж томоохон наадмын өм нээгдэж байсан тэрээр аймаг сумынхаа наадамд дархан айрагддаг бурхан уяачийн нэг.  Хурдан хүлгийнхээ хөлснөөс адис хүртэж явдаг Сэрсэнгийн хүү Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн их баяр наадамд  соёолон үрээ аравт  давхиулж цээж ханагар явсан бол энэ жил зээрд үрээгээ аман хүзүүнд хурдлуулан  магнай тэнийж сууна. Жижигхэн биетэй  зээрд үрээ гарсан цагаасаа өнгөлөн газар эвхэн дүүлэхэд наадамчин олон дуу нэгтэй уухайн түрлэг хадааж суусан. Ийнхүү монгол адууны шандсыг гайхуулсан зээрд үрээний эцэг нь Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Хүрэлбаатарын өсгий цагаан зээрд азарга байдаг бол эх нь мөн аймгийн Халзан сумын уугуул Манлай уяач Ухнын хүү МУ-ын Алдарт У.Эрдэнэбилэгийн унаган хүрэн цавьдар гүү юм. 2003 оноос адуунд идэвхитэй орсон С.Ганболд зүүн зүгээс адуу цуглуулахаар явахдаа эцэг зээрдийг нь соёолон, харин эх хүрэн цавьдар гүүг нь дааганд нь авчирсан гэдэг. Харин зээрд үрээ бол Арвайхээрийн талд төрсөн өврийн хангайн унаган хүлэг. Даагандаа уягдалгүй, шүдлэндээ аймгийнхаа баяр наадамд аман хүзүүдэж, цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд хол түрүүлсэн  зээрд үрээ чухам тэр үеэс л морь сонирхогчдын анхааралд өртөн нутгийнхаа хурдан хүлгэдийн нэгээр нэрлэгдэх болов. Хондлой дээрээ сүүн толботой тасарч уралддаг зээрд үрээндээС.Ганболд уяачийн хүү Янзага  хэмээн нэрийг хайрлаж, өхөөр?өн дуудах болжээ. Янзган зээрд өнгөрсөн өвөл аймагтаа болсон гурван ч уралдаанд түрүүлэн, Булганы хангайн бүсийн уралдаанд аманхүзүүнд хурдлан наадмын өмнөх сунгаануудад тогтмол өнгөлөн эзний сэтгэлд баярын оч бадрааж байлаа. Тиймдээ ч С.Ганболд “би зээрд үрээгээ түрүүлсэн хар бор үрээтэй л уралдана түрүүлэх үү айрагдах уу” гэж бодож байсан хэмээн бардам загнахав. Янзган зээрдийг уяаг Өвөрхангай Баянгол сумын уугуул аймгийн Алдарт уяач Ганзориг тааруулдаг бөгөөд зээрд үрээний төрсөн дүү хязаалан үрээ бас их хурдан байгаа хэмээн хуучлана билээ. Арвайн талд тэнцсэн агт эрдэнэ сум мэт хурдлах болтугай.

Хурдны манлай- Хомоол хүрэн

Унаган адуугаар наадах уяачийн том бахархал. Тэр дундаа унаган адуу цулбуур өргүүлэн айрагдаж түрүүлэх адуутай нөхөрлөсөн хэн бүхний цээжин гүний омогшил байдаг. Тэрхүү омогшлыг мэдэрсэн уяачийн нэг нь Ховд аймгийн Алтай сумын уугуул Цэдэвийн Гантөмөр байлаа.

“Торгоны зам”аар овоглосон энэ эрхэм хурдан морь сонирхох болоод бас ч гэж нэлээд хэдэн жилийн нүүр үзэж буй. Алтангэрэл Манлайн алдарт хүрэн азарганы төлийг үнэ цохин авч, энэ цагийн эгэлгүй хурдан хүлгэдийн нэг Пума хул азаргыг өөрийн болгосон хоншоортой эр. Адуу гэгч өөрт нь сэтгэл зүрхээ зориулж яваа нэгнийг бурмаар тэтгэдэг урамтай амьтан. Ц.Гантөмөр тэрхүү бурмаас нэг бус удаа хүртэж байсан бөгөөд АХ-ын 90 жилийн ойн түүхт наадамд Хомоол хүрэн хэмээх унаган адуу нь айргийн дөрөвт хурдлан магнайг нь тэнийлгэжээ. “Торгоны зам”-ын захирал Хэнтий зүгийн гаралтай хээлтэй сартай хүрэн гүү авсан нь эдүгээгийн Хомоол хүрэний эх юм. Унаган цагаасаа шинэ монгол адуутай уралдан, хөлийн хурдтай бэлэн давхилтай үе тэнгийнхэндээ хожигдчихоод араас нэхэн давхидаг жижигхэн хүрэн үрээг унаач хүүхдүүд “Хомоол” хэмээн өхөөрдөх болсон гэдэг. Багаасаа шинэ монгол адуутай байнгын бэлтгэл хийж байсных уу Хомоол хүрэн даагандаа Алтан-Овооны төрийн тахилгат наадамд аман хүзүүдэн, шүдлэндээ баруун бүсийн даншиг наадамд түрүүлсэн энэ цагийн данстай хурдан хүлгэдийн нэг.

Хязааландаа уяаны ялимгүй алдаа гарч улсын наадамд еслөн, Эрдэнэтийн бүсийн наадамд зургаалсан хүрэн үрээ ийнхүү энэ жил төрийнхөө их баяр наадамд цулбуур өргөн айрагдлаа.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна