Босоо хүрэний ёндоо Б.Барсболд

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 25 -нд

Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Бадарчийн Барсболд гэх нэрнээс нь эр бяр үнэртсэн тэрээр 1983 оноос эхэлж хурдан морь уяж эхэлжээ. ХААИС-ийг мал зүйч мэргэжлээр төгссөн нь морь мал уяхад дэм болж, 1983 оны Орхон аймгийн наадамд хүрэн соёолонгоо түрүүлгэн, хар алаг даагаа аман хүзүүдүүлж өм нээгдэж байсан гэдэг. Б.Барсболдын “Босоо хүрэн” морь нь аймгийнхаа наадамд  гурав түрүүлж, аймгийн бүсийн наадамд дөрөв айрагдсан аргагүй л “босоо” хүлэг. Хүрэн морь уг нь С.Хишгээгийн дүү Жаргалсайханы унаган адуу бөгөөд унага бүхэн босоо төрөхийн бэлгэдлийг гүйцээж дөрвөн хөл дээрээ тэнцэж төрсөн тул “Босоо” хэмээх нэрийдэх болжээ. Эхээс төрөхийн босоо хүрэн Булган, Орхон аймгийн болон ойролцоох сумдын наадмаас 50-аад айраг түрүү хүртэж, эзнээ аймгийн Алдарт уяачаар эрэмблүүлсэн юм. Уншигч танд нэгэн түүхийг хүүрнэхэд Б.Барсболд 1997 онд төвийн бүсийн наадамд Босоо хүрэнтэйгээ ирж уралдуулжээ. Гарсан цагаасаа тархилсан хурдан ажнай түрүүлж хадуурч, машинаар оруулах гээд амжаагүй гэдэг. Нутаг даяар шагшигдсан хурдан хүлгийнхээ тухай Б.Барсболд “Босоо хүрэн маань ид хурдалж байхдаа өгсүүр газрын хэвтээ үхрийн чинээ чулуун дээгүүр харайж гараад түрүүлж байсан юм шүү” хэмээн бахархан ярих нь бий.
Б.Барсболдын нэрийг гаргасан өөр нэгэн хурдан буян бол аймгийнхаа наадамд хоёр түрүүлж, нэг айрагдсан хар азарга нь. Хэн дуртайд нь заяагаад байдаггүй ховорхон хурдан хүлгэдийн уяаг эвлүүлсэн тэрээр өдгөө Эрдэнэт хотод амьдарч байна.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна