“Мандговь” ХХК-ны захирал Ч.Махвал: АНХ ХАЛТАР АЗАРГАНЫ САМСАА НЬ НҮДЭНД ТУССАН

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 29 -нд

-Улсын наадамд өнгөлдөг Сүхбаатар нутгийн хурдан буянгуудын тоо нэгээр нэмэгдэж байна. Халтар азарганы талаар манай уншигчидтай хуваалцаач?
-Баярлалаа. Та бүхэнд халтар азарганы маань талаар сурвалжлахаар энд хүртэл ирсэнд тань. Миний халтар азарга Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын, аймгийн Алдарт уяач Дондогжав гэдэг хүний унаган адуу. Өмнө нь бүсийн болон улсын наадмуудад дээгүүр давхиж байсан хурдан буян. Энэ жил 13-тай азарга. Надад есөн настай ирж байсан.
-Өмнөх амжилтуудаас нь тодуулаач?
-Төв аймгийн Архуст суманд хоёр түрүүлж, Сайханд болсон өвлийн наадамд таваар давхисан. Түүнээс гадна “Дүнжингаравын хурд” уралдаанд зургаа, долоогоор орж байсан.
  -Халтар азарга таных болсон түүхээс хуваалцаач?
  -Миний танил Батсайхан гэж ах бий. Тэр ахтайгаа тэдний хамаатныд очихдоо Дондогжав гуайтай танилцсан юм. Тэгээд л адууг нь үзэж байгаад Болд гэдэг хүүгээс нь халтар азаргаа авсан юм.
  -Та хэзээнээс хурдан морь сонирхох болсон бэ? Анх харахад халтар азарганы юу нь  нүдэнд туссан бэ?
  -Анх очоод харахад хамрын самсаа нь л нүдэнд их туссан даа. Энд тэндээс уншиж байсан хурдан моринд байдаг шинжүүд мөн байх шиг санагдсан. Би ер нь морь мал гэж сайн мэдэхгүй хүн л дээ. Сүүлийн дөрөв таван жил л морь мал сонирхдог болоод байна. Эртний ёс заншлын хэлхээ болсон хурдан морийг залуус маань сонирхож түүгээрээ дамжуулан ёс заншилдаа суралцах хэрэгтэй юм байна гэж бодсон.
-Цэвэр монгол адуу юу?
  -Цэвэр монгол адуу. Сүүлийн үед цус сэлбэх зорилгоор гадаадаас адуу их авчирч байна. Түүнийг дагаад аль ч наадамд дээгүүр давхиж байгаа адуунууд нь цэвэр цусны адуу байх жишээтэй.
-Тэдгээр адуунуудтай уралдаад айрагдана гэдэг том амжилт шүү?
 -Тэгэлгүй яахав. Өнгөрсөн өвөл их өнгөтэй байсан.  Дүнжингаравт зургаалахдаа тавын азаргатайгаа холбоотой явсаар байгаад үзүүр дээр нөгөө азарга нь зөв талаар нь ороод айрагдсан. Энэ жил наадмын өмнөх гурван сунгаанд гурвууланд нь өнгөлж байгаад улсын наадмаар гурваллаа. Олонд танигдсан мундаг цуутай алтан туурайтнуудтай шандсаа шалгалаа.
-Халтар азарганы төл гэж бий юу?
 -Даага, шүдлэн бий. Яваандаа адууныхаа цусыг сэлбэж сайжруулъя гэсэн бодолтой байгаа. Гаднаас угшил сайтай гүү олоод халтар азаргандаа хураалгана даа.
-Ингэхэд аль нутгийн хүн бэ?
-Улаанбаатарынх. Гэхдээ Төв аймгийн Архуст суманд миний бага нас өнгөрсөн. Тиймдээ ч миний морьдын уяа сойлгыг Төв аймгийн Баянцогт сумын уугуул  Ганзориг гэдэг залуу тааруулдаг.

Ярилцсанд баярлалаа. Уясан болгон чинь хурдан байж, тод  магнай, торгон жолоогоо өргүүлж яваарай.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна