САЛХИН ХАЛТАР

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 29 -нд

АХ-ын 88 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд гуравт  хурдалсан Төв аймгийн Архуст сумын уугуул “Мандговь”ХХК-ийн захирал Ч.Махвалын “Салхин халтар” азарганы тухай товчхон хүргэе. 
Угшил гарвалыг нь хөөвөл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Алдарт уяач Дондогжав гэдэг хүний аймагтаа түрүүлж, айрагдаж байсан хурдан халтар азарганых нь төл, тэдний унаган адуу. Одоогоос таван жилийн өмнө буюу 2004 онд найман настай байхад нь Ч.Махвал нь бэлгэнд авчээ.
“Монгол хүний цусанд нь морь байдаг” хэмээн ярьдаг Ч.Махвалыг моринд уруу татсан хүн нь Төв аймгийн Партизаны сангийн аж ахуйн Отгонбаяр гэгч. Өөрөө хурдан морь сонирхдог энэ эрхэм  Ч.Махвалд хурдан морь авч өгөхөөр Сүхбаатар аймагт байдаг хамаатныдаа дагуулж иржээ. Адууг нь сонжиж явсан Ч.Махвалын нүдэнд халтар азарга тусч, түүнийгээ хэлтэл “Дүү хүүд бэлэглэе” хэмээн эр хүний нүнжиг заасан гэдэг.
УЯАЧИЙН ЭРДЭМ

Хамрын самсаа нь хурдан гэдгийг нь илтгэж  байсан халтар азарга аймаг сумандаа ганц ч уралдаж байгаагүй битүү адуу байсан бөгөөд Ч.Махвал өөрөө эхний хэдэн жил уяаг нь  тааруулах гээд төдийлөн үр дүнд хүрээгүй учир энэ жилээс  Манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн төрсөн дүү Ганзоригоор уяулах болсон аж. Эзнийх нь хэлснээр бэлэн давхилтай Салхин халтар  уяа солигдсон даруй тараа таниулж улсын наадамд гуравт хурдлан эзнийхээ магнайг тэнийлгэсэн бол хэдхэн хоногийн дараа Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн Даншиг наадамд дөрөвт хурдалж амжилтаа бататгажээ. Энэ бүхэнд урамшсан эргэн тойрныхон нь Ч.Махвал эзнийг нь “Олон сайхан амжилт гаргах адууг…” хэмээн зэмлээд авсан удаатай.

Салхи хөлөглөгч салхин халтар

Сэвхийх ч салхигүй өдөр ч дэлээ хий?гэн давхидаг халтар азаргаа Ч.Махвал захирал “Салхин халтар” хэмээн нэрийдсэн бөгөөд 2005 онд болсон Төв аймгийн Архуст сумынх нь ойн наадамд сэтгэл нь хадаастай байдаг гэсэн. Учир нь энэ наадамд Салхин халтараа өөрөө уян түрүүлгэж, анхны  айраг амссан аж. Энэ жил 13 настай Салхин халтараа эзэн  нь ихэд хайрладаг бөгөөд ирэх жил ганц уралдуулаад үр төлд нь анхаарна хэмээн ярьсан юм.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна