“Морин-Эрдэнэ”-ий наадам дэлгэр сайхан боллоо

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 06 -нд

Монголын хурдан морины түүхэнд бичигдэх нэгэн шинэ амжилтын эзэн Манлай уяач Д.Түвдэнгийн үүсгэн байгуулсан “Морин-Эрдэнэ” галын нэрэмжит уралдаан гурван жил тутамд зохион байгуулагддаг уламлалжтай.
Луу жилийн уралдаан энэ сарын 5-нд Хүй долоон худагт зохион байгуулагдсан бөгөөд Манлайн журмын анд Тод манлай уяач Д.Даваахүү, Манлай  уяач Г.Батчулуун, Б.Мөнхтөр, МУ-ын Алдарт уяач Бямбадорж, Дархан аварга Х.Баянмөнх, Нийслэлийн Алдарт уяач Ц.Цэнд-Аюуш /Дааган Цэндээ/  нарын  олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн байсан юм.
Нялх ногоо хэнзэлсэн хаврын хайлган өдрийн уралдаанд  хязаалан болон их насны морьд шандас шалган хурдалсан бөгөөд их нас 70 гаруй, хязаалан 50 гаруй адуу ирсэн байлаа.
Уралдаан өглөө 10 хагаст эхэлж, их морь 17, хязаалан 12 километрт уралдсан юм. “Морин-Эрдэнэ”-чүүд  уралдаандаанэлээд ач холбогдол өгсөн нь гарааны төхөөрөмж сэлт ашиглахаас эхлээд  зохион байгуулалтын явцад мэдрэгдэж байсныг дурдах нь зүйтэй  байх. Их морины уралдааныг “Морин-Эрдэнэ” гал уяаныхан, харин хязаалангийн уралдааныг Бямбадорж тэргүүнтэй төмөр замын уяачдын холбоо ивээн тэтгэсэн бөгөөд бай шагнал нь харилцан адилгүй байсан юм. Жишээлбэл “Морин-Эрдэнэ”-чүүд түрүү их морийг гурван сая төгрөгөөр, харин аман хүзүүний морийг 1 сая, айргийн гурвыг 700,000, дөрвийг 500,000, тавыг 300,000 төгрөгөөр,  6-10 хооронд хурдалсан морьдыг тус бүр 100,000, 11-15 хооронд хурдалсан морьдыг тус бүр 50,000 төгрөгөөр нийт 6,250,000 төгрөгөөр байлжээ.
Дөрөв дэх  удаагаа зохион байгуулагдаж байгаа Манлайн нэрэмжит уралдааны цар хүрээ жилээс жилд нэмэгдсээр байгаа нь “энэ наадамд түрүүлж, айрагдсан морьд тэр жилээ улсын наадамд цулбуур өргүүлдэг” гэх бэлгэдлээс үүдэлтэй байж болох юм. Нээрэн ч анхны уралдаанд аман хүзүүдэж байсан Сосорбарамын хонгор морь тэр жилээ улсын наадамд айргийн таваар хурдалж уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баясгаж байлаа. Харин энэ удаагийн хэний ямар морьд түрүүлж айрагдсаныг дараагийн мэдээллээс сонирхоорой.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна