ДАНЖААД НОГООН АЗАРГАНЫ ТҮҮХ

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 07 -нд

1989 оны 6 сард Мөнххаан сумын нутаг дэвсгэрийг хамарсан хүйтэн борооноор Х.Дамбын морины хөхөж нэгэн өнчин ногоон даага ирсэн бөгөөд түүнийг 5-р хэсгийн уяач Б.Дуужаа хурдан адууны шинжтэй, сайхан хүлэг байна гэж шинжсэн байна. Тэр даагыг 9 сарын 1-нд суманд уяхад тасархай хол түрүүлэн ирж. Энэ үед алдсан эзэн С.Сүхтөмөр гэгч газар дээр нь Х.Дамба-д морь (хаздаг) 200 төгрөг өгч зарсан юм. Энэ цагаас эхлэн ногоон даага Данжаад нэрээр нутаг орондоо цуу нь тарах болсон. Түүний үр төл одоо ч Мөнххаан сумандаа ноёлон уралдаж байгаа билээ.

АМЖИЛТЫН ЦУВАА
1990 оны 7 сарын 12
Ардын хувьсгалын 69-н жилийн ойгоор сумынхаа наадамд шүдлэн аман хүзүүдэв.
1991 оны 7 сарын 12
Ардын хувьсгалын 70-н жилийн ойгоор хязаалан үрээг Д.Дамбаас уяач Б.Дуужаа худалдан авч уяад сумынхаа наадамд аман хүзүүдүүлэв. Энэ наадмын дараа Буд найман адуугаар Б.Дуужаагаас авчээ.
1992 оны 03 сарын 08
Баянтэрэм бригадад болсон Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан хаврын уралдаанд түрүүлж, алтан медалиар шагнуулав.
1992 оны 7 сарын 11
Ардын хувьсгалын 71-н жилийн ойгоор соёолон үрээ сумынхаа наадамд түрүүлэв.
1993 оны 6 сарын 18
Баянтэрэм уулын тахилгад хавчиг азарга тухайн үедээ хурдан байсан Далантайн хонгор, хээр хоёр азаргыг хол хаяж түрүүлсэн бөгөөд сумынхаа 70-н жилийн ойгоор уяаны алдаа орж 14-т хурдалсан. 1994 онд өнждөг насандаа уралдаагүй.
1995 оны 7 сарын 11
Ардын хувьсгалын 74-н жилийн ойгоор найман насандаа Будын том охин Баярмаа унаж сумынхаа наадамд түрүү магнай торгон жолоогоо өргүүллээ.
1996 оны 7 сарын 11
Монгол улсад тулгар төр байгуулагдсаны 790-н жилийн ой, Ардын хувьсгалын 75-н жили?н ойн баяр наадамд Будын охин Баярмаа унаж сумынхаа наадамд түрүүллээ.Мөн энэ жилийнхээ 8 сарын 7-нд Сүхбаатар аймгийн “Ганга импекс” ХХК-ын таван жилийн ойн баяр наадамд уралдсан 300 гаран азарганаас аман хүзүүнд хурдлан аргагүй хурдан ажнай гэдгээ батлан харуулсан.
1997 оны 7 сарын 11
Ардын хувьсгалын 76-н жилийн ойгоор 10 настай ногоон азаргыг торгон ирэн дээр нь хөлс авч, тарлуулан уяаны алдаа гарган 14-т хурдлуулсан.
1998 оны 7 сарын 11
Ардын хувьсгалын 77-н жилийн ойгоор сумынхаа наадамд айргийн дөрөвт хурдлав.
1999 онд доголсон учир өнжөөсөн.
 2000 оны 7 сарын 7
Ардын хувьсгалын 79-н жилийн ойгоор 13 настай ногоон азаргыг Будын хүү Бат-Эрдэнэ унан сумынхаа наадмын  түрүү магнайгаар тодорлоо.
2001 оны 7 сарын 7
Ардын хувьсгалын 80-н жилийн ойгоор уяаны алдаа гарган 15-т хурдлан ирсэн. Ийнхүү сум орон нутагтаа аргагүй хурдан ажнай хэмээн нэрлэгдэж байсан ногоон азарга 2002 оны 3 сард зуурдаар осолдон өнгөрсөн билээ.
Данжаад ногоон Мөнххаанчуудынхаа сэтгэл зүрхэнд одоо ч хурдалсаар байгаа билээ

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.