Түмний хүндлэл хүлээсэн Тугал ухаа

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 08 -нд

Дорнод аймгийн Матад сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар хэмээх даруухан залуу Монголын хурдан моринд хүч түрэн орж ирсэн нь сүүлийн гурван жил. Түүний нэрний ард тогтмол нэрлэгдэх болсон нэгэн  хурдан хүлэг Монгол түмнийхээ хүндлэлийг хүлээн, түүхийн хуудсанд хурдалсаар. Энэ бол Монгол төрийнхөө наадамд нэг түрүүлж, гурав айрагдсан МУ-н Алдарт уяач Ж.Рэнцэндоржийн “Түмний эх” хар азарганы удам “Тугал ухаа” хул азарга юм. Төв аймгийн Дашцэрэнгийн Гэрэлт-Од гэдэг залууд “Түмний эх” хар азарганы төл халтар азарга байсан нь өдгөө наадмаас наадам, уралдаанаас уралдааны хооронд таавар будилуулж байгаагүй Тугал ухаан эцэг юм. Эх нь хязааландаа төрийнхөө их баяр наадамд түрүүлсэн Төмөрхүүгийн “Мөлүү” хул азарганы төл хул гүү.
Түмэндээ танигдсан Тугал хул 2006 онд Төв аймгийн наадамд 11-т давхиснаар уралдааныхаа замналыг эхэлжээ. Тугал ухааг  Д.Гэрэлт-Одоос Гантөмөр гэдэг залуу худалдан авсан бөгөөд тэндээс Б.Цэндбаатарт очин Дорнод аймгаар овоглох болсон байна.
Ардын хувьсгалын 87-н жил, Их Монгол улс байгуулагдсаны 802 жилийн ойн төрийн баяр наадмын хязаалангийн уралдаанд олны тааврыг, эрлийз адуунуудтай хамт  эвдэж,  жижигхэн Монгол үрээ түрүүлэн ирсэн нь “ Дорнын унага ” галын уяач Б.Цэндбаатарын Тугал ухаа хул үрээ байлаа. Үүний дараа Сүхбаатар аймагт болсон төрийн тахилгат  “Алтан-Овоо”-ны наадамд дахин түрүүлснээр улсынхаа наадмын амжилтыг бататгаж, тааварт орох болсон. Энэ үеэс Тугал ухаан амжилтын түүчээ эхэлж, уралдах болгондоо дархан айрагдсаар. Соёолондоо “Дүнжингаравын хурд-2009” хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт, АХ-ын 88-н жилийн ойн баяр наадамд аман хүзүүнд,  “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөвт тус тус хурдаллаа. Барс жил гарснаар Тугал ухаа Дорнод аймгийнхаа хаврын уралдаанд түрүүлж, “Дүнжингаравын хурд-2010” хаврын бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан билээ.
Харин АХ-ын 89-н жил, Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ойн төрийнхөө баяр наадмын азарганы уралдаанд Тугал ухаа гарсан цагаас өнгөлж, морь сонирхогч олон түмнээ баярлуулж байсан хэдий ч тавилангийн үзүүр дээр ялимгүй сууж айргийн тавд хурдалсан. Хавчиг Тугал ухааг олон наадам, олон амжилт хүлээж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна