Хурдан морь унаачдын зөвлөл байгуулагдлаа

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 13 -нд

Бямба гарагт Улаанбаатар зочид буудал хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Удирдах ажилтны зөвлөгөөнийг хурдан морь унаач хүүхдийн II зөвлөгөөн залгаж, тэд өөрсдийн оролцоо эрх үүргийг тодорхойлцгоосон юм. Чихэр жимсэнд хууртан хорвоогийн жаргалд бялуурч явдаг үеийнхнээсээ тэс өөр сэтгэхүйтэй унаач хүүхдүүдийн хэрсүү, бие даасан байдлыг энэ өдөр хангалттай харж болохоор байсан юм.  Баян-Өлгий эс тооцвол бусад бүх аймгаас бүр хаа холын Увсаас хүртэл унаач хүүхдийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Энэ удаагийн зөвлөгөөнд 70-аад хүүхэд оролцож, тэдгээрээс Улаанбаатар хотын харьяат, спортын дэд мастер П.Энхтөр, Дорнод Хэрлэн сумын 8-р сургуулийн 5 –А ангийн сурагч Э.Энхтөр, Сэлэнгийн Сүхбаатар хотын 3-р сургуулийн 6-р ангийн сурагч Ж.Отгонцэцэг, Увс аймгийн харьяат Ц.Балжинням, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 сургуулийн 7-Б ангийн сурагч Б.Батням нар  нөхдөө төлөөлөн өөрсдийн үзэл бодлоо хуваалцлаа.
Тэдний илтгэлээс хурдан морь унах нь томчуудын ярьдагчлан хүнд хөдөлмөр биш, харин ч үндэсний спортоороо хичээллэж байгаа гэсэн том бахархал байдаг гэдгийг анзаарч болохоор байсан юм. Чухам тиймээс унаач хүүхдүүд зөвлөл байгуулан хоёр үндсэн чиглэлтэй санамж бичгийг гаргажээ. Түүнийг утгачилбал:
Хурдан морь унаач хүүхдүүд өөрсдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалуулах зорилгоор ММСУХ болон бусад салбар холбоод, уяачид, уралдаан зохион байгуулагчдад хандаж шаардлага тавих эрхтэй бөгөөд түүнийг нь хүндэтгэн үзэх ёстой.
Хоёрдугаарт хүүхдээр хурдан морь унуулахгүй гэх үзэл баримтлал бүхий байгууллагууд тэдний өмнөөс шийдвэр гаргаж үндэсний спортоороо хичээллэх боломжийг нь хаан боогдуулж  буй хэрэг бөгөөд харин аюулгүй байдлыг хангах талаар хамтран ажиллах ёстой.
Цаашид хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар холбогдох байгууллагууд анхааралдаа авч санаачлагатай ажиллах ёстой ч үүгээрээ далимдуулан дуртай спортоороо хичээллэх эрхийг нь хааж боогдуулахгүй байхыг хүсчээ. Хурдан морины бяцхан зүтгэлтнүүдийн зөвлөгөөнд ММСУХ-ны тэргүүн, Шадар сайд М.Энхболд оролцож тэдний санал бодлыг сонссон юм.
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна