С.Ганхуяг АНУ-гаас “Quarter” үүлдрийн 29 адуу оруулж иржээ

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 15 -нд

Хурдан моринд хошуурах болсон шинэ Монголчууд нэг адууны үнийг тэрбум төгрөгт шүргүүлж дуулиан тарьсан нь саяхных. 800 сая төгрөгөөр “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн хэмээн цоллогдох болсон домогт хээр азарганы дуулиан намжаагүй шахам байхад олон улсын нислэгээр  хурдан тууртууд ирсэн тухай мэдээлэл хуурай өвсөнд тавьсан гал шиг авалзах нь тэр. 

“Макс” группийн захирал Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нарын Америк дахь морьдыг уяж сүүлийн хэдэн жил ирэн очин амьдрах болсон Тод манлай уяач С.Ганхуяг “Quarter” үүлдрийн 29 тооны азарга, гүү оруулж иржээ.

Алс холоос АНУ-аас Монголын тал хээрийг зорьсон дэлхийд зартай үүлдрийн адуунууд гурав хоногийн өмнө Улаанбаатарт буусан ч өнөөг хэр нь эздийнхээ гар дээр очоогүй байгаа гэнэ. Учир нь манай мэргэжлийн хяналтынхан АНУ-аас ирсэн шинжилгээний бичигт найдалгүй өөрсдөө шинжилнэ хэмээн “зөрүүдэлсээр” өнөөдрийг хүрчээ. Өлзийт хороололд Манлай уяач Б.Билэгдэмбэрэл, “Уулс трейд” компанийн захирал Д.Галбадрах нарын жүчээнд буй хурдан адуунуудыг өнөөдөр эрүүл мэндийн үзлэгт хамруулан шинжлэх аж.

Цаг агаарын байдлаас болоод ОХУ-д түр буудаллаж, Монголд ирсэн хойноо мөн л хүлээлтийн байдалтай байгаа энэ хурдан хүлгэдийг манай нэр бүхий бизнесменүүд нэг бүрийг нь 40-50 сая төгрөгөөр захиалан авчруулаад байгаа нь энэ аж.

“Quarter” үүлдрийн адуу харьцангуй бие жижигтэй, тэсвэр хатуужилтай, цагт 80 км/ цаг хүртэл хурдалдаг ойрын зайн чиглэлийн хурдан адуу юм. Тод манлай уяач тэдгээр чанаруудыг нь харгалзан үзэж монголын нөхцөлд дасан зохицох чадвартай хэмээн авчирсан гэнэ. Алс холын Америкаас ирсэн хурдан хүлгэд чухам хэнийх болохыг бид эргэн мэдээлэх болно.

А.Мөнх 


 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна