Кэйти Уиллингс:“Монгол Дэрби” дэлхийн хамгийн урт морин уралдаан

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 17 -нд


 “Монгол Дэрби” морин уралдаан нь манай улсад 2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа Гиннесийн номд бүртгэгдсэн дэлхийн хамгийн урт буюу 1000 километрийн морин уралдаан юм. Чухам тиймээс ч нэр хүнд нь жилээс жилд  өсөн нэмэгдсээр олон улсын нөлөө бүхий эрхмүүд оролцдог дэлхийн хэмжээний уралдаан болоод байгаа юм.  Ингээд бид уралдааны ерөнхий зохион байгуулагч Кэйти Уиллингстэй ярилцсан юм.
-Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд гаргасан томоохон уралдааныг зохион байгуулагч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Манай уншигчдад уралдааныхаа талаарх мэдээллийг өгөхгүй юу?
-Энэ уралдааныг Их Британи улсын “Адал Явдал Эрэлхийлэгчдийн” лигээс зохион байгуулдаг. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уралдаан нь агуу их Чингис хааны морин өртөөний систем дээр тулгуурлан явагддагаараа  дэлхийн бусад морин уралдаанаас ялгардаг. Мөн 40 км тутамд өртөөтэй. Өртөө нь тухайн орон нутгийн малчин айлуудаас бүрддэг. Бид нийт нэг уралдааны явцад 25 өртөө байгуулдаг. Чухам тиймээс оролцогчид маань амарч буудаллан, уралдаанаа аюулгүй үргэлжлүүлэх боломжтой болдог.
-Өдөрт багадаа 60 км туулдаг гэхээр оролцогчид моринд гарамгай хүмүүс байдаг уу?
-Ер нь морь маш сайн унадаг, олон улсын уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргаж
байсан хүмүүс байдаг. Тэд 6-10 өдрийн дотор 1000 км замыг туулдаг. Энэхүү уралдаан нь оролцогчдын биеийн болоод сэтгэл санааны тэсвэр тэвчээр, хатуужлыг шалгадаг  “хатуухан” самар юм.
-Унах морьдоо ямар шалгуураар авдаг юм бэ?
-Адуу бэлтгэл тал дээр бид “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн гуайтай хамтран ажилладаг. Түүнчлэн уралдаанд ирж оролцож байгаа оролцогч бүр уралдаан болж өнгөрөх аймаг, сум орон нутгийн хөгжилд зориулж хандив цуглуулдаг.
 -Энэ удаагийн уралдаанд хичнээн хүн оролцох төлөвтэй байна?
 Энэ жилийн хувьд Их Британи, Америк, Австрали, Шинэ Зеланд, Норвеги, Герман, Өмнөд Африк, Канад, Голланд гэх мэт  13 орноос нийт 35 оролцогч ирж уралдана. Оролцогчид маань бүгд моринд хайртай, туршлагатай хүмүүс бий. Тийм ч учраас адуугаа хайрлаж, дээдэлдэг монголчууд, адуунд хайртай оролцогчид маань өөр өөр хэлээр ярьдаг ч ?элээ хоорондоо амархан ойлголцдог. Мөн хэдийгээр энэ арга хэмжээ нь уралдаан тэмцээн ч гэсэн малчид, оролцогчид бие биенээсээ туршлага хуваалцаж их зүйлийг сурч авцгаадаг гэж бодож байна.
-Уралдааны үеэр Монгол, гадаадын хамтарсан мал эмнэлгийн баг ажилладаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл сайн байна?
Тиймээ. Бид адууны эрүүл ахуйг хамгийн түрүүнд тавьж ажилладаг. Жил бүр олон улсын баг бүхий малын эмч нар ирж Монгол малын эмч нартай хамтран ажилладаг. Нэг морь зөвхөн 40 км замыг л туулдаг бөгөөд манай эмч нар морийг уралдахаас нь өмнө, уралдсаных нь дараа дахин үзлэг хийдэг. Манай эмч нар уралдааны адуунаас гадна малчдын морь малыг ажлынхаа хажуугаар эмчилж өгөхийг хичээдгээс гадна бид өмнөх жилүүдэд Монгол малын эмч нарт зориулж сургалт, семинарыг зохион байгуулж байсан.
Сайхан сонсогдож байна. Дараа тухтай уулзъя. Ярилцсанд баярлалаа.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна