Хөлөнбуйр сумын уугуул С.Лайдав: Хурдан тууртын буянаар халхын олон сайхан аавын хөвгүүдтэй нөхөрлөж явна

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 17 -нд


-Шадар сайд хүртэл анддаггүй “алдарт” Лайдавтай таарсанаа олзуурхаж байна. Хэзээнээс адууны  наймаа хийх болсон бэ?
- АХ-ын 75-н жилийн ойгоор Увс аймагт очиж таван насны морь уралдуулсан юм. Тэгэхдээ нэг бага адуугаа  зараад л тэрнээс хойш  хурдан морины наймаа хийх болсон доо.
-Арав гаруй жил болчихсон юм байна шүү дээ?
-Тэгсэн байна. 16 жил өнгөрчихөж. Өнгөрсөн хугацаанд би 4000 гаруй адуу баруун аймаг руу зарсан байдаг юм. Хүмүүс ч надаас адуу авахдаа дуртай байдаг. Яагаад гэхээр би зарж байгаа адууныхаа бичиг баримт, им тамгаар нь таниулдаг. Морины им тамга гэдэг удам угшлын хамгийн том гэрч юм шүү дээ. Им тамгагүй бол хаанахын хэний адуу гэдэг нь тодорхойгүй. Миний зарсан адуунууд бол тодорхой шүү дээ.
-Таны зарсан морьд  хэр давхиж байгаа гэнэ. Сураг ажиг тавьдаг л байлгүй дээ?
 -Тавилгүй яахав. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймагт нэг азарга аваачсан нь  түрүүлсэн. Мөн хоёр соёолон аваачсан нэг нь түрүүлээд, нөгөө нь айрагдсан. Архангай аймагт гэхэд нэг их нас айрагдаж,  нэг нь түрүүлсэн байна лээ.
 -Хурдан адуу ямархуу ханштай байна?
 -Өнөөдрийн  байдлаар бол 3-5 саяын л ханштай байна. Битүү адуу 1-1,5 саяын хооронд байх жишээтэй.
-Гайгүй ээ түүгээд зарчихлаа гэж Сумъяа Алдартаас зэм сонсож байна уу. Та айлын хэд дэх хүүхэд  вэ?
- Би дээрээсээ  хоёр дахь нь. Дүү нар маань  хурдан морь уяаг ч над шиг адууны наймаа хийхгүй ээ. Аав хааяа зэмлэж л байдаг юм. Гэхдээ яахав олон түмэнд хурд тарааж байгаа болохоор тэгтлээ буруутгахгүй ээ.  Ер нь бол би өөрийгөө адуунд дуртай хүмүүсийн хооронд гүүр болж байна л гэж боддог.  Хурд тараана гэдэг нэг талаараа их буянтай ажил шүү дээ.
-Адууны наймаа хийхийн тулд сайн шинждэг, мэддэг байх ёстой биз?
 -За яахав. Уяач аавын хүү байна. Морь унаж өссөн юм байна. Гадарланаа.
-Хүнд хурдан адуу олж өгөөд байдаг. Өөртөө юм үлдээж байна уу? Эсвэл нөгөө загасчны морь усгүй гэдэг болоод байна уу?
- 2004 оны төрийн наадамд миний нэртэй нэг хязаалан үрээ таваар давхисан. 2005 онд соёолон айрагдсан. Ер нь амжилт гаргаж байгаа адуунууд цөм аавын минь буян. Зарим нэг нь буурлын буяныг барлаа гэж  зэмлэдэг ч би хувьдаа харин  ч монголын хурдан морины хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж яваа гэж боддог. Онгирч байгаа  юм биш. Би халхын олон сайхан хурдан буянг заяаны эзэдтэй нь  золгуулсан хүн  шүү.  Хурдан хурц адуу хайх гэж Увс, Баян-өлгий, Ховд гэсэн гурван аймгаас бусдаар нь бүгдээр нь явсан. Түмэн олонд буян болж явсных хаа ч явсан  хүмүүс андахгүй. Аяга хоол цай хийгээд өгдөг юм. Өнөөдөр гэхэд хүн бүхэн уяачдын холбооны 15 жилийн ой гээд баярлаж явахад би хотоос ирсэн хүмүүст хурдан морь зуучлах үүрэгтэй ажилтай л байна. Өөрөө хамгийн эхлээд асуусан. МУ-ын Шадар сайд хүртэл таньдаг гэж. Үнэхээр хурдан тууртын буянаар халхын олон сайхан аавын хөвгүүдтэй нөхөрлөж явна. Дарга даамал нь ч байна. Хулгайч худал нь ч байна. /биднийг ийн ярилцаж суух зуур их насны морьд барианд орж яриагаа таслахаас өөр аргагүй болсон юм./
-Дараа тухтай уулзаж хууч дэлгэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Зааны хүзүү богино замын хүзүү урт гэж дараа тухтай уулзъя.

Ш.Бадмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна