Жинтамгын хүү, жигүүрт ажнай хээр морь

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 21 -нд

Жинтамгын Мягмарсүрэн 1964 онд Булган аймгийн Булган суманд төрсөн бөгөөд Польш улсад Варшавын их сургуулийг техникийн механик инженер мэргэжлээр төгсчээ. Хар багийн адуунд хорхойтой Алдарт /аймгийн/ 1996 оноос эхлэн морь уяж олон амжилтын эзэн болсон юм. Алдартын өмийг Жаргалант гаралтай хээр морь, Сэлэнгэ чигийн Ухаа морьд нь нээж Орхон, Булган аймгуудын хэмжээний уралдаанд цулбуур өргүүлэн хурдалж байсан гэдэг. Адуутай нөхөрлөсөн эр хүний жаргалыг мэдрүүлсэн энэ наадмын тухай Ж.Мягмарсүрэн Алдарт одоо хэр нь дурсан ярих дуртай байдаг гэсэн. Тэрээр “анхны түрүү, аман хүзүүгээ авчихаад хаана л наадам, ойтой гэнэ инээд хүрээд л очиж уралддагсан. Тэр жил жижиг том наадамд хээр морь маань найм түрүүлж, дөрөв айрагдсан бол ухаа морь дөрөв аман хүзүүлж, зургаа айрагдсан. Хаа очсон газраа хоёр морио түрүүлж айрагдуулах сайхан байсан шүү” хэмээн хуучилжээ. Тэр жил морьдынх нь уяаг МУ-ын  Алдарт уяач Д.Батчулуун тааруулсан  бөгөөд түүнээс хойш адуугаар нөхөрлөсөн эрчүүд олон наадмыг баяр бахдалыг хуваалцан явна.
Ж.Мягмарсүрэн адууныхаа цусыг Тува, Буриад, Орлов, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Галшар, Булган аймгаас сэлбэсэн бөгөөд  Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Донойн Цэгмэдийн адууны угшилтай “Чоно” хээр гэгч шар хээр азаргыг соёолонд аймагтаа аман хүзүүнд давхиулж байсан юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна