Бүрэг хангайн хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 21 -нд

“Монгол угсаатны зүй”-н эхний ботид Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт “хардал мэргэд, үжээд, харнууд” омгийнхон байдаг тухай тэмдэглэсэн нь бий. Үжээд нь Чингис хааны дүү Отчигон ноёны хувийн өмчид орсон монгол аймаг бөгөөд хожим 16-р зууны дундуур өврийн таван халх жарууд, баарин, хонгирад,баяд, үжээд, отгууд, өвөрлөгч нутагт суурьшин суужээ. Хожим үжээд, харнууд эх нутагтаа нүүн ирж тариа тарьж амьдарч эхэлсэн түүхтэй гэнэ.
Монголын нууц товчоонд мэргэд аймгийн Чилэдүүгийн хурдан ухаа морийг онцгойлон тэмдэглэсэн байдаг. Түшээт ханы Дайчин чин вангийн хошууны Халиун, Бүрэгээр нутагладаг хардал мэргэд овгийнхон хурдан, товир, гоёмсог, ардаг тарган адуутай байжээ. 20 дугаар зууны эхээр Алтанга уулаар нутагтай баян Балжирын мянга гаруй адуу өвлийн цагт Туулын голын зүүн бие, Заамарын нурууны хойд үзүүр Хоньч эрээн хавиргын толгодыг бүрхэн бэлчиж, оторлодог байсан гэдэг. Тэднийх адуугаа азаргаар нь тоолдог байжээ. Бүрэгхангайхан адуугаа зөнд нь зэлүүд тавьдаг, гойд сайхан сонгон үржүүлдэг, азаргаа дэллэчихдэг, зээр шиг унагаа зэллэдэггүй, гүү сааж айраг цагаа эсгэдэггүй, насны найр хурим үйлддэггүй зэрэг өвөрмөц зан заншилтай байлаа. Бүрэгийн хурдан хүлгүүд нутаг усандаа дийлдэлгүй олон жил хурдалж, аймгийнхаа наадмын манлай болсоор ирсэнд дээрх гүү барьдаггүй нь их нөлөө үзүүлсэн юм. 1900-1980 оны хооронд тосон Заамар, Угтаалын нутгаар тархан байсан их сүргийн болон Жаргалант удмын хурдан адууг нааш цааш нь сольж, наймаалцсанаар ирсний үрээр Бүрэгийн адуу үнэхээр тэр хавьдаа дийлдэшгүй хурдан шинж төрхтэй, биерхүү, гоёмсог содон болж сайжирсан тал бий. 1990 онд Төв аймгийн Баянцагаан сумын дарга Бүрэгийн уугуул Лхагваа шилдэг омгийн адууг олноор авчирч байв. Бүрэгийн уяач шинжээч адууны Сүх, огтор Банзай, уяхан Дандар, Туувайн Жадамба, Пярлайн Жамба, Сэрдамба нар нутаг усаа нэртэй цуутай хурдан хүлгүүдийн өлгий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг. Уяач уяхан Дандарын хар саарал, халиун борлог, П.Жамбалын уясан Нацагнямын халзан морьд аймаг сумандаа олонтаа түрүүлж байлаа. Уяач Сэрдамбын хээрийг олон удаа түрүүлж, дархлагдаад 16 нас хүрэхэд нь Зуугийн хул гэдэг алдартай хурдан хүлэг дийлэн гарч ирж , ор залгажээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна