Хангалын голын хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 21 -нд

Булган аймгийн хурдан адууны нэг гал голомт нь Сэлэнгэ мөрний ай савд багтах Хангалын гол билээ. 1960-аад онд Хангал сумын уяач Дэрэмийн хүрэн халзан гэдэг маш хурдан морь аймгийн наадамд ирж Бүрэгийн хурдуудыг дийлсэн юм. Аймгийн наадамд тасархай ирсэн Хангалын хүрэн халзан морь хадуурч майхнаа тойрчихоод, тарлахад нь хүүхдийн хөх нөмрөг тагтаа мэт дэрвэж барианд ороход, дараагийн морьд зурхайд хүрээгүй байсан гэдэг.
Дараа жилийн аймгийн уралдаанд Бүрэгийн шарга, хээр морьтой хүүхдүүд халзан морийг дундаа хийж хавчаад хоншоор луу нь ороолгоод байв. Энэ үе Бүрэгийн гурав дахь бор морь тасарч салан түрүүлэх төлөвтэй явж байлаа. Тэгтэл зуузай холбоотой гурван морины өмнө үүдэн хоймрын дайтай хонхор судаг таарчээ. Хоёр захын хүүхдүүд морио татах агшинд хүрэн халзан морьтой хүү сугаран дүүлж, судаг дээгүүр харайж гараад нөгөө хоёртоо баригдалгүй зугтсаар бор морийг дайран барианд орж түрүүлж билээ. Мөн ч зоригтой морь гэж магтагдаж байжээ. 1960-аад оны дундуур аймгаас зохион байгуулж цууд гарсан Хангалын хүрэн халзан морийг машинаар ачиж улсын наадамд ирэн уралдуулсан байна. Анх удаа уяа морийг машинаар зөөсөн тул туршлага дутаж, морины гэдэс зайлагдан , уяа засалд алдаа гарч 40 хэдээр оруулсан гэдэг.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна