“Морин-Эрдэнэ” галын тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач Д.БАТМӨНХ:МАНАЙХАН ӨНГӨРСӨН ОН ЖИЛҮҮДЭД МАГНАЙ ТЭНИЙТЭЛ САЙХАН НААДАЦГААСАН

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 21 -нд

Бид мянгат малчин аавын долоон бурхдууд. Нэгэн эхийн хэвлийгээс унасан долоон үрээ эцэг эх маань “долоон бурхан” хэмээн өхөөрддөг байсан юм. Долоон бурхны хамгийн тод гялалзсан од нь миний ах Д.Түвдэн.  Моринд хайртай монгол зон олон ахыг минь андахгүй дээ. Нэг өдөр төрийн наадмын гурван түрүүг хүртэж байсан тэр хийморилог аавын хүүгээр монгол түмэн өнөө хэр нь бахархаж буйг харах ах дүү бидэнд туйлын сайхан байдаг. Бурхны хүлгийн уяаг тааруулахаар ах минь яваад арав гаруй жил болж буй хэдий ч инээмсэглэсэн дүр, алиа хошин зан төрх, ажилч хичээнгүй зан чанар сэтгэлд хоногшин үлджээ. Төрийн наадмын гурван түрүү хүртсэн тэр сайхан өдрүүдэд ах маань байж байгаад л “зүүдлээд байна уу” хэмээн хөгжилтэй инээж байсан нь өнөөдөр юм шиг л санагдаж байна. Ахад маань 2009 онд “Ард түмний баатар” цолыг нэхэн шагнасан. Энэ нь улсын хэмжээнд хоёр дахь нь болсон юм. Өмнө нь С.Зориг агсныг нэхэн шагнаж байсан юм билээ.
Өнөөдөр ахын маань нэрэмжит “Морин-Эрдэнэ”  гал байгуулагдаад арав гаруй жил болчихож. Манайх чинь албан ёсны бүртгэлтэй ТББ  шүү дээ. Манайхан аливаад сэтгэл зүрхнээсээ ханддаг хүмүүс. Чухам тиймдээ өнгөрсөн он жилүүдэд  магнай тэнийтэл сайхан наадацгаасан. Миний хувьд 2010 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын уяач Байлдаа гэж хүнээс нэг үрээ авсан. Жанцан ах маань шинжиж авч өгсөн тэр хүлэг ирсэн жилээ Сэлэнгийн сумдын наадамд айрагдаж биднийг хотлоор нь баярлуулж байлаа. Мөн миний унаган адуу  “Наран зээрд”-ийн төл зээрд соёолон 2012 он  гарснаас хойш орон нутгийн чанартай  уралдаанд тав уралдаж, тэр бүртээ айрагдаж түрүүлж байлаа.
Хүн гэдэг олны өмнө хариуцлага хүлээгээд ирэхээр өөрийн гэхээсээ илүүтэй өрөөлийнхөд санаа зовдог болдог юм байна. Би ч ялгаагүй өөрийн гэхээсээ илүүтэй гал уяаны морьдынхаа амжилтанд илүүтэй омогшдог. Морины төлөө гэсэн чин сэтгэлтэй энэ сайхан залуусаас МУ-ын Алдарт, Манлай, Тод манлайгууд төрнө гэдэгт эргэлздэггүй шүү.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна