Эрдэнэдайчин чин ван Ханддоржийн нэгэн түүх

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 22 -нд

Чин ван Ханддорж болон түүний хоёр хүү гурван төрийн нүүрэнд тэрсэлсний тул учир битүүлгээр амь насаа алдаж, цаазлагдсан гэх гунигт түүх шарласан хуудаснаа бичигдсэн байдаг. Далай лам монголд айлчилж Вангийн хүрээнд өвөлжөөд явахдаа Ханддоржийн дундах хүүг дагуулан Бээжин оржээ. Далай ламыг цагаан эсгий дэвсэж Манжийн хааны хаалттай хотод оруулахад дунд хүү даган орсноос болж цаазаар авах ял шийтгүүлж, Чин ван Ханддоржийг Бээжинд яаралтай ирүүлсэн боловч хүүтэй нь уулзуулалгүй, аавых нь нүдэн дээр ялыг гүйцэтгэжээ. Ханддорж вантан буцахдаа буусан газрынхаа чулуун арсланг отго жинсээрээ хагартал ороолгоод “Манжийн төрд ахин зүтгэхгүй” гэсэн гэдэг. Тэгээд нууцаар өртөөлүүлэн байршуулсан хамгийн шилдэг холч хүлгүүдээ юүлэн унаж, Бээжингээс оргон Жанчхүүгийн даваанд ирээд “Жанчхүүгийн даваанаас хойшхи хятад шаахайн мөрийг арилгана” хэмээн өшөө авахаа тангараглажээ. Догширсон Ханддоржийн хойноос хөөсөн Манжийн хааны шилдэг хүлгүүдийг хүлэглэсэн цэргүүдэд монголчуудын уяж хагсраасан холч хурдан морьд тийнхүү гүйцэгдээгүй гэдэг домог түүхтэй аж. Ийнхүү амьд гэртээ ирээд нутагтаа амьдарч байсан олон тариачин иргэдийг хүйс тэмтэрсэн нь тун ч ноцтой явдал болсон гэдэг. Тэр үед Сэлэнгэ мөрөн дагасан олон айлуудад зарц болсон хужаа нар тариа тарьдаг байжээ. Тэрхүү гэм зэмгүй иргэдийг монголчууд догширсон Ханддоржоос нууж, нүхэнд далдлан авч үлдэж байсан юм гэнэ билээ гэж настангууд ярьдаг. Энэ тухай Орхон сумын уугуул өндөр настан Хишигт үр хүүхдэдээ хуучилжээ. Мээрэнгийнхэн гэж Чин вангийн өртөөний олон сайн морьдыг адгуулан улааны албыг нь залгуулдаг байж. Чин ван Ханддорж хятадын хар цэргээс нуугдан ууланд бүгж явахдаа энэхүү хуучийг Хишигт эмээг жаахан байхад нь эцгийх нь гэрт хонохдоо ярьж өгсөн гэдэг. Дараа нь Чин вангийн хүү Жамбалдорж Хишигт эмээгийнд ирэхдээ бага хүү Доржийнх нь нэрийг асуугаад “Аан миний нэрийг өгсөн юм уу. Мөнгөндэгээ гэдэг нэр өг” гэсэн юм гэнэ лээ.

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.