Монгол бүсгүйн хатуужил-Монгол уяачийн хийморь

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 24 -нд

Бүсгүй хүн уяан дээр очдоггүй гэх дээдсийн хатуу цээрийг үргээж,  хусуур сойз бүслэн хурдан хүлгийн уяа тааруулж МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон цорын ганц эмэгтэй бол Төв аймгийн Баянчандмань сумын уугуул , Сэлэнгэ аймгийн Баянгол сумын суугуул Д.Хорлоодой юм.
Бүсгүйн хатан тэвчээрийг монголдоо төдийгүй дэлхийд таниулж, Катарын нийслэл Доха хотноо болсон Азийн холч морьдын уралдаанд түрүүлэн Гран прин эзэн болсон түүнийг Гарамжав Манлай “энэ Хорлоодой эрэгтэй байсан бол дээл шууж бүслээд хил дамнуулж адуу хөөнө шүү” хэмээн толгой сэгсрэн магтаж байсан гэдэг.
Дэлхийн тавцнаа монгол уяачийн, монгол бүсгүйн тэвчээр хатуужлыг гайхуулсан Д.Хорлоодой Алдартыг залгамжлан морины уяа эвлүүлдэг цөөн бүсгүйчүүдийн нэг нь Дорнод аймагт бий.
Ханиа алдсан  уйт өдрүүдийн гашуун дурсамжаас түр батугай холдох гэхдээ морь уяж сатаарсан нь яваандаа “өвчин” болж, уяачийн жаргал зовлонг амталсан Д.Цэрэндорж Алдартыг зүүн талынхан андахгүй. Нэлээд хожуу буюу 41 насандаа морь уях эрдэмд шамдсан ч аймгийн Алдартын болзлыг давуулан биелүүлсэн Д.Цэрэндорж гуай өдгөө нас сүүдэр 70 зооглож байгаа ч мориноосоо буугаагүй нэгэн. “Одооны хүүхдүүд яс муутай болж дээ. Морь унаж байгаа хүн алга. Тугалын бэлчээрийн газар морь уначихаад бие өвдөөд гэх юм” хэмээн толгой сэгсрэх Д.Цэрэндорж Алдарт аймгийнхаа морин спорт уяачдын холбооны 15 жилийн ойн хүндэт зочдын нэг байлаа.
                                                                                                                                 А.Тэлмэн

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна