МУ-ын Алдарт уяач Л.Тойвгоо: Аймгийнхаа анхны Алдарт уяач нь

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 27 -нд

-Та сайхан зусаж байна уу? Тойвгоо Алдарт  морь уяад хэчнээн жил болж байна даа?
- Сайхан зусаж байнаа. Би чинь энэ жил 80 шүргэж явна. Харин морь мал гээд хэдийнэ 60 гаруй жилийн нүүрийг үзжээ. Адууны дэргэд хүн боллоо шүү дээ. Багадаа хурдан морины унаач хүү явлаа.  Одоо бодохнээ сайн унаач байсан шиг байгаа юм. Унасан болгон маань л үзүүр түрүүнд ордог байж. Тэгэхэд би Мийхан гэж хүний уясан морийг унадаг байсан юм.
-Таны аав морь уядаггүй байсан юм уу?
-Тийм ээ миний аав морь уядаггүй байсан. Би чинь Архангай аймгийн Их тамир сумын хүн шүү дээ. Миний аав Лодон дархан гэж байлаа. Төрийн тамга хүртэл хийж байсан уран гартай нэгэн явсан юм . Харин би айлын ганц хүү болохоор аав, ээждээ тусалж мал хуйтайгаа хөөцөлдөөд цэрэг, сургуульд ч явж байсангүй.  Хожим нь хэдэн малаа нэгдэлд нийгэмчилсэн дээ.
-Аавын таны хийсэн зүйлсээс танд бий юу?
-Нэг хэт хутга байна. Миний хувьд их үнэтэй эд дээ.
-Ганц хүүгээ хурдны морь унахад аав тань дургүйцээгүй юу?
-Мийхан  манай аавын садангийн хүн л дээ. Тийм болохоор татгалзаж чадаагүй биз ээ.
-Тэгвэл хэзээнээс эхлэн өөрөө гардан морь уях болов оо?
-20 хүрээд л өөрөө уяж эхэлсэн. Нас залуу байсан болохоор мэдэхгүй чадахгүй юм олон л гарч байлаа.  Гэхдээ моринд нэгэнт л орсон бол орхиж боломгүй юм билээ. Эхлээд багийн наадамд уралддаг байв. Хүн чинь алхам тутамдаа л ахьж байдаг хойно. Дараа нь аймагтаа уралддаг болсон доо. Энэ бүрт урам зориг орж, илүү л хичээх болдог юм билээ. Өөрийгөө голохгүй бүх насны морийг уях гэж л үзнэ шүү дээ.
- Олон наадамд уясан морьдоо уралдуулж байжээ. Эндээс хамгийн сэтгэл догдлуулсан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Дээхэн үед манай ах Цэрэнсамбуугийн хээр, Их Шагдаржавын хоёр хээр,  бас миний хээр  гээд Тамирын морьд ид мандаж байлаа шүү дээ. Аймагтаа өөр адуу гаргадаггүй. Хэдэн жил л наадамд дараалан ирсэн. Нэг удаа Баян-Уулын өндөр Бямбын алаг дундуур орсныг эс тооцвол дандаа л айргийн тавыг авдаг байлаа. Энд миний хээр дөрвөн удаа айрагдаж байсан  юм.
-Хээр морь таны унаган адуу юу?
-Би хээр морио ахаасаа авч байсан юм. Энэ хээрээс гадна олон сайхан хурдан буян надад бий.
-Та хэдэн онд Алдарт болсон юм бэ?
-2002 онд Алдарт болж байлаа.  Энд сонирхуулахад би чинь Архангайн анхны Алдарт юм шүү дээ. Тэр чинь 80-аад он юм байна.
-Одоо хүүхдүүд тань морь уяж байна уу?
-Би есөн хүүхэдтэй. Одоо нэг хүү маань морь уяж байна. 2008 онд аймгийн Алдарт  болсон Ариунтөгс гэж бий. Удам залгаж яваа хүүгээрээ бахархаж явдаг юм.
-Таны энгэр дээр байгаа медалийн түүхийг дам сонссон юм байна.  Энэ тухай одоо харин эзнээс нь сонсмоор байна?
-Энэ дэлхийн ангийн холбооны медаль байгаа юм. Нэгэн удаа үргээлэг хийж яваад  өдөөс гарч ирсэн хар чоныг агнасан юм. Тухайн үед  нэг баг арван чоно алах төлөвлөгөөтэй байлаа шүү дээ. Тэгснэ бүүр гурван жилийн дараа дэлхийн ангийн холбооноос шагнадаг байгаа.  Тэгэхэд арьсыг нь л тушаасан санагдана. Хар чоно чинь ховор шүү дээ.
- Бидний ярилцлага өндөрлөж байна. Та эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Баярлалаа. 

А.Тэлмэн
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна