Хан уулын тахилга боллоо

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 28 -нд

Аргын тооллын Арван долдугаар жарны Баясгалан хэмээх Усан луу жилийн зуны тэргүүн сарын шиний гурваны /2012.05.24/ Балжиннямтай билэгт сайн өдөр Хан-Уулын тахилын баярт зориулсан  хурдан морины уралдаан их нас, соёолон, хязаалан насны ангилалд явагдаж уламжлал ёсоор Хэрлэн сумын ЗДТГ, Санбэйсийн унага Морин спорт, уяачдын холбоо зохион байгуулж амжилттай өндөрлөлөө.

Өглөө 10 цагт Их насны 73 шандаст хурдан хүлэг уралдааны замд мордож хурд хүчээ сорин уралдснаас Хэрлэн сумын уяач Б.Батбилэгийн сартай хүрэн морь түрүүлэн, аман хүзүүнд Санбэйс ХХК-н захирал Аймгийн алдарч уяач С.Итгэлийн хээр морь хурдалсан бол айргийн гуравт Адуунчулуун ХХК-н захирал Б.Шатарын хээр морь, айргийн дөрөвт Хэрлэн сумын харьяат Б.Наранбаатарын хул морь, айргийн тавд Баянтүмэн  сумын харьяат Л.Шоовдорын хээр морь хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олноо баясгалаа. Түрүү морийг Хэрлэн сумын Санбэйсийн унага МСУХ-ны тэргүүлэгч  Ч.Оросоо мотоциклиор байлсан бол аман хүзүүний морийг Г.Амарбат 300 000 төгрөгөөр, айргын 3-5-н морьдыг Аймгийн МСУХ-н тэрүүлгэч Д.Батсуурь, "Эрэг наа" ХХК-н захирал Х.Насанбат, Санбэйсийн МСУХ-н тэргүүлэгч С.Галт нар гарын бэлгийн хамт  тус бүр 100 000 төгрөгөөр байлж, 6-9 морийг Аймгийн МСУХ-н хяналтын зөвлөлийн гишүүн Л.Ариунболд, Хэрлэн сумын Санбэйсийн унага МСУХ-ны тэргүүлэгч С.Жаргалсайхан, Аймгийн алдарч уяач Р.Амарсанаа нар тус бүр 50 000 төгрөгөөр  шагнасан байна.

Соёолонгийн уралдаанд "Алтанморьт шатар" ХХК-н захирал Б.Амгаланбаатарын мөнгөн саарал түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Сэргэлэн сумын залуу уяач А.Батзоригын саарал, айргын гуравт Аймгийн Алдарт уяач Ж.Сосорбарамын хул алаг, айргийн дөрөвт Хэрлэн сумын залуу уяач Г.Үүрийнцолмонгийн улаан, айргийн тавд Д.Алтансүхийн цагаан соёолон хурдалж, түрүүлж айрагдсан болон 6-9 хурдалсан соёолонг Дорнод нутаг Спортын нэгдсэн холбооноос 50 000 -  300 000 төгрөгөөр байлсны гадна Хэрлэн сумын залуу уяач Лхажавын Ууганбаяр түрүүлсэн соёолон морийг хурдан удмын хонгор халзан даагаар шагнасан нь монгол уламжлалаа сэргээсэн сайхан үйл явдал боллоо. Мөн энэ үеэр Аймгийн МСУХ-н тэргүүлэгч С.Ганбаатарыг Монголын Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар алтан медалиар, О.Сүхбаатарыг Тэргүүний малчин залуу цол тэмдэгээр шагнасан байна.

Хязаалангийн уралдаанд Баянтүмэн сумын уяач А.Тэгшжаргалын хар түрүүлж, аман хүзүүнд Дашбалбар сумын харьяат Аймгийн алдар уяач Ц.Батчулууны  хүрэн, айргын гуравт Хэрлэн сумын Алдарт уяач Б.Батзоригын саарал, айргийн дөрөвт Халхгол сумын уяач Н.Хилийнхүүгийн хүрэн, айргын тавд С.Алтансүхийн улаан буурал хурдалж Булган сумын харьяат  Аймгийн алдарч уяач Д.Очирхуяг, дэд эрдэмтэн Э.Дугар нар түрүүлж айрагдсан болон 6-9 хүртэл хурдалсан морьдыг байлсан. Энэ удаагийн уралдааны морины магнайн тэмдэгийг Хан уул, Хэрлэн голын дүрстэйгээр урлан "Дорнын цас" ХХК-н захирал А.Амартүвшин гардуулсан бол бүх насны 1-9 хурдалдсан морьдын унаач хүүхдүүдэд "Ганоктадр" ХХК-н захирал С.Ган-Эрдэнэ бэлэг гардууллаа. Уралдаанд гарааны төхөөрөмж байрлууж, хүн эмнэлэг, мал эмнэлэг, цагдаагийн албан хаагчид ажиллаж, тэнгэр хангай ивээсэн сайхан уралдаан болсны зэрэгцээ энэхүү уралдааныг ивээн тэтгэсэн хамтран ажилласан бүх хүмүүст болон  тэдний гэр бүлийнхэнд нь  хамгийн сайн сайхан бүхнийг ерөөж Хан уул, Хатан Хэрлэн маань бид бүхнийгээ өршөөн соёрхож, алтан туурайтны буян өнө мөнхөд ивээх болтугай хэмээн Хэрлэн сумын Санбэйсийн унага Морин спорт, Уяачдын холбооны тэргүүлэгчид нийт уяачид хурдан морь сонирхогчдийнхоо өмнөөс хүссэнийг уламжилж байна. 

Санбэсийн унага МСУХ

Эх сурвалж hiimori.mn

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна