Манжууд нум сумтай олон эрчүүд нэг дор цугларахаас болгоомжилж сур харвааг хорьсон

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 29 -нд

1930-1950-иад онд асар олон нумыг тайрч, морины хусуур хийсэн байдаг
Монголын үндэсний сурын харваа нь монголчуудын хүн төрөлхтний ахуйн соёлд оруулсан  хувь нэмрийн нэгээхэн хэсэг бөлгөө. Сурын үүсэл хөгжил нь нийгэм, түүхийн хөгжилтэй салшгүй холбоотой. Гэхдээ МҮСХ-ны хөгжлийг үечлэн авч үзсэн бүтээл өдий хэр үгүй байгаа юм. Тиймээс монгол үндэсний сурын харвааны үүсэл хөгжлийг монголын түүхийн үечлэлтэй уяалдуулан авч үзэн үечлэлийн нэгэн хувилбарыг хийлээ. Үүнд:
1. Нэн эртний үе.
Энэ үе нь нум сум үүсэж, шинэ чулуун зэвсгийн үеэс анхны төр улс үүссэн МЭӨ 3-р зуун хүртэлх үеийг хамрах юм. Нум сум үүсч бий болсон Сибирь, байгаль нуур орчмын нутаг нь чухамдаа хожмын монгол туургатны өлгий нутгийн нэг хэсэг байсан учраас монгол угсаатан нь нум сумыг энэ үеэс хэрэглэж эхэлсэн гэж үзэх үндэстэй. Оросын судлаач А.П.Окладников Байгаль нуурын орчмоос МЭӨ 3000 жилд хамаарах нумын олдворыг олсон ба тэр үеэс зүймэл нумын түүх эхэлсэн гэж үздэг. Энэ үед Монголчууд нум сумыг ан агнуурын зориулалттай  голчлон ашиглаж байжээ. А.Дамдинсүрэн өөрийн бүтээлдээ “Хуучин  чулуун зэвсгийн шувтарга, шинэ чулуун зэвсгийн эхэн үед Төв Азид амьдарч бйасан хүмүүс өдөр тутмын амьдралынхаа шаардлагаар янз бүрийн зэрлэг амьтдыг агнахын тулд тэдэнтэй биеэр тулж авлах осолтой хэцүү хөдөлмөрийг  хөнгөвчилсөн шинэ оньсон зэвсэг болох нум сум зохион бүтээжээ” гэсэн байна. Мөн ан гөрөөнд их олз олсон овог тус бүр тэр тухайдаа баяр хөөр болж найр цэнгэл хийж, түүндээ аль мэргэн цэцэн харвадгаараа бай харвуулан сонирхрх болжээ гэж Ж.Дамдин тэмдэглэснээс сур харваж наадахын эх суурь нэн эрт үеэс тавигдаж байсныг мэдэж болох юм.
2. Монголын эртний улсуудын үе
Энэ үед Монголын анхны төр улс Хүннүгийн /МЭӨ 3-р зууны/ үеэс Их Монгол улс байгуулагдах /МЭ 12-р зуун/ хүртэлх үеийг хамарч байна. Монголчууд анхны төр улсаа байгуулж, газар нутаг, гал голомтоо хамгаалах, үр хүүхэд хойч үеэ сурган хүмүүжүүлэхэд нум сумыг гол хэрэглүүр болгож байсан түүх , уран зохиолын баримт арвин байдаг. Эртний овог аймгуудын өсөлт хөгжилт, тэдгээрийн өөр хоорондын тэмцлийн улмаас нум сум нь байлдааны зэвсэг болж хувирчээ. Хүннү гүрний үед монголчууд морин дээрээс харваж намнах талаар гарамгай байсны зэрэгцээ, эрийн гурван наадмын  эхлэл хэдийнээ тавигдсан тухай судлаачдын ном бүтээлд  тэмдэглэлдсэн байдаг. Энэ үед монголчууд дөрвөн төрөл хэлбэрийн зүймэл нум хэрэглэж байсан нь археологийн судалгаагаар тогтоогдсон байдаг.

3. Их Монгол улс буюу эзэнт гүрний үе
Энэ нь Чингис хаан Монголын 80 гаруй аймгуудыг нэгтгэн, тулгар төр байгуулсан /12-р зуун/-аас эзэнт гүрэн задарч Манжийн ноёрхол тогтох /1691 он/ хүртэлх үеийг хамрах юм. Энэ үед Монголчууд чухамхүү  нум сумны эрч хүчээр дэлхийн талыг эзэлж, их аян дайны завсар цэрэг эрсийг амраан хөгжөөхдөө нум сумаа ашиглаж байсан. Хабул хааны үед  харвах намнах наадмыг булцуут сум хийж үлддэг байсан гэснээс үзэхэд булцуут сумаар харваж наадах болсон үе ихээхэн дээр цагаас эхлэлтэй байжээ. Тэр  үеэс өнөөдрийг хүртэл  хадгалагдаж ирсэн харваануудын төрөл зүйл үүсэж эхэлсэн бололтой. Тухайлбал, Монголчууд 1225-1226 оны үед Сартуулыг байлдан дагуулсны дараа “Буга Сочигай” гэдэг газарт цэрэг эрсийг амрааж, сумнуудын зэвийг бургас модны үндсээр сольж, чөдөр ногт, цулбуур зэргийг зангидан бай болгон тавьж, харвуулан наадуулсан нь одоогийн Урианхай харвааны үүсэл байжээ. Чухам энэ үед монголчуудын дундаас олон алдартай баатар эрчүүд,  харваачид тодрон түүхнээ тэмдэглэгдсэн төдийгүй, тэдний амжилтыг тэмдэглэн үлдээсэн байдаг. Иймээс энэ үе нь монголчуудын сурын харвааны хөгжилд ихээхэн чухал, түүхэн үе юм.
4. Манжийн эрхшээлийн үе
Энэ үе нь Халх монголчууд Манжид дагаар орсон 1691 оноос 1911 он хүртэлх үеийг хамрах юм. Энэ хугацаанд Манжийн төрөөс монголчуудын талаар олон хатуу бодлого барьж байсны нэг нь сурын харвааг хориглосон явдал юм. Нум сум нь цэргийн зэр зэвсэг байсан, нөгөө талаас олон эрчүүд нэг дор цугларч зохион байгуулалтанд орохоос болгоомжилсонтой холбоотой. Зөвхөн хаад ноёд л долоон хошуу даншиг наадмын сур, Хэнтийн сур гэх мэт хэдхэн газар сур харвах болж, бусад олон нийтийн чанартай харваа явагдахаа больжээ. Харин Манжийн сүүлчийн  хаан Бадаргуулт төрийн 2-р /1876/ онд сурын анхны дүрмийг Хүрээний сайдуудаас гаргаж, шашны ёслолд суур харваж наадам хийдэг болсон байна. Мөн харвах бөмбөгийг анх модоор хийдэг байсныг энэ үед сураар хийх болж,  энэ тухай хууль тогтоосон гэдэг.
5. Олноо өргөгдсөн Монгол улсын үе
Энэ нь арваадхан жилийг хамарсан богинохон үе боловч сурын харвааны хөгжилд онцгой байр эзэлдэг. Олноо өргөгдсөний 2-р /1912/ онд цэргийн яамнаас Дотоод яаманд илгээсэн нэгэн бичигт Нийслэл хүрээнд түшмэл  цэрэг хуралдуулж, бөмбөг намнуулан сур харвуулж, эрийн эрдмийг боловсруулахыг хүссэн байдаг ба аймаг хошуудад ард, тайж нарыг албан журмаар татаж, 1-2 сарын хугацаатай сурын сургуулилт хийлгэдэг болсон байна. Ингэснээр сурын харваа орон нутаг, хошуудад сэргэн дэлгэрч эхэлсэн.

6. Ардын ардчилсан төрийн үе
Энэ үед 1921 онд Ардын эрхт төр засаг тогтсоноос 50-иад он хүртэлх хугацаа хамрагдана. Ардын засгийн анхны баяр наадмыг үндэсний уламжлалын дагууд явуулснаар сурын харваа нь төрийн баяр наадмын үндсэн хэсэг болж хөгжиж эхэлсэн юм. Энэ үеэс бөхчүүд, сурчид, уяачид нь хошуу нутгийн оноо тушаалаар  биш, сайн удрын үндсэн дээр оролцдог болж, наадмаа уралдуулах морь, барилдах бөх, харвах сурчдын тоонд тохируулж яөлөөтэй ?ийж журам тогтсон гэдэг. Энэ нь өгөөдрийг хүртэл үргэлжлэн яваа уламжлал болой.  Харин 1930-аад оны сүүлийн хагасаас ортодокс коммунистууд засгийн эрхийг авсан үеэс 1950-иад оны дунд үе хүртэл  үндэсний уламжлалт ёс заншил, өв уламжлал?а хадгалах аливаа оролдлогыг хувьсгалт ёсны эсрэг үйл гэж үзэж хориглон хязгаарлаж байсан. Үүнтэй уялдан сур харвах наадмыг хаад ноёд, язгууртны тоглоом, шашны зан үйлтэй холбоотой гэж үзэж хориглосон байлаа. Энэ үед асар олон тооны нумыг тас тайрч, морины хөлсний хусуур хийсэн тул сурын харваа эргэж сэргэх материаллаг бааз үгүй болоход хүрсэн юм. Хэдийгээр 1940 онд МХЗЭ-ийн Төв хорооны дэргэдэх Биеийн тамирын төв зөвлөлд Сурын товчоог байгуулсан ч нэг их дорвитой үйл ажиллагаа явагдаагүй болотой. Харин УААА, соёлыг хөгжүүлэх 2-р таван жилийн төлөвлөгөөнд тодорхой тооны нум сумыг БНХАУ-д захиалж хийлгэх, сур харвах хүмүүсийг харваанд сургахаар тусгасан нь сурын харваа эргэн сэргэж хөгжихийн эхлэл болсон байна.
7. Социалист төрийн үе
Энэ үе нь 1950-иад оны дунд үеэс 1990 он хүртэлх хугацааг хамрах орчин үеийн спортын түвшинд гартал хөгжүүлсэн ихээхэн чухал үе юм. Тухайлбал үндсэний сурын харваа нь удирдлага, зохион байгуулалт, харвуул тэмцээний дүрэм журмын хувьд орчин үеийн спортын хэм хэмжээнд хүрч шинэчлэгдсэн. БНМАУ-ын БТСХ-ны гишүүдийн 1955 оны 2-р сарын 19-ний  хуралдаанаар  “Спортын нэгдсэн ангиллын дүрэм” батлагдсан бөгөөд сурын харваагаар  спортын  зэрэг, цол олгох тухай заалт орсон байна. 1959 онд БТСХ-ны сурын товчоог өргөтгөсөж, сурын холбоог байгуулсан ба мөн энэ үеэс УАШ харваа /1960/, Залуучууд, оюутны спартикиад /1959/ Бүх ард түмний спартакиад /1961/ , Бүсийн харваа /1970/, Өсвөр үеийн УАШ харваа гэх мэт олон төрлийн харвуул тэмцээнүүдийг тодорхой үечлэл, системтэй явуулах болсон байна. Эдгээр бүх төрлийн харвуул тэмцээний зардлыг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлж байсан нь  үндэсний сурын харвааг төв, хөдөөд хөгжүүлэх чухал хүчин зүйл болсон юм. Харин халх харвааг голчлон хөгжүүлсэн тул бусад төрлийн харваа төдийлөн өргөн дэлгэрэх боломжгүй байжээ. Харин өөрчлөлт шинэчлэлийн өмнөхөн үеэс баяр наадамд Буриад сурын харвааг харвуулдаг эхэлсэн юм.

8. Өөрчлөлт, шинэчлэлтийн үе
Энэ үед 1990-2002 он хүртэлх үе хамрах бөгөөд энэ нь зөвхөн үндэсний харваа бус, монгол орны нийгэм улс төр, эдийн засаг, оюун ухааны хүрээнд өөрчлөлт шинэчлэлт хийгдсэн үе юм. 1990 оноос МҮСХ нь төрийн бус байгууллагын статустайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь санхүү эдийн засгийн хувьд харьцангуй хүнд үе байсан ч нөлөө талаар үндэсний үзэл хандлагын идэвхжилийн үе байсан тул үндэсний спортод олон түмний бусад төрлийн харваа хөгжиж дэлгэрэх таатай нөхцөл боломж бүрдсэн байна. Мөн энэ хугацаанд  МҮСХ-ны болон халх сурын харвааны дүрэм журмууд шинэчлэгдэн боловсронгуй болж, Урианхай сурын холбоо байгуулагдаж, уранхай харваагаар спортын цол олгох болзол шинэчлэгдсэн байна. Энэ бүхний дүнд харваачдын хүрээ тэлж, нас залуужсан төдийгүй спортын амжилт үлэмж дээшилсэн юм. Үүний баталгаа нь ямар ч харвуул тэмцээнд эрэгтэйчүүдийн хувьд 40 суманд 35, эмэгтэйчүүдийн хувьд 36 суманд 30-аас дээш онож түрүүлэх болсон төдийгүй сурын харвааны түүхэнд  анх удаа Эрдэнэт хотын Хангарьд клубын харваач Ш.Даваахүү /1995/ 40 суманд 40 оносон явдал юм. Энэ үеийн бас нэг онцлог нь МҮСХ-ноос багийн улсын аварга  шалгаруулах тэмцээнийг явуулдаг болсон.
9. Шинэ өрнөлтийн үе
Энэ үе нь 2003 оноос эхэлж байгаа юм. МҮСХ, сурчдаас гаргасан санаачилгыг дэмжиж МУ-ын Ерөнхийлөгч 2002 оны 10-р сарын 11-нд ҮСХ-г хөгжүүлэх тухай /№133-р/ зарлигаа гаргасан нь үндэсний сурын харвааны хөгжилд шинэ өрнөлтийн үе эхлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна. Энэ зарлиг гарснаар манай орны бүх иргэд  алббан байгууллага, аж ахуй нэгж , төр асгийн удирдах албан тушаалтны үндэсний сурын харваанд хандах хандлагад эрс өөрчлөлт орж, сурын харвааг улс орон даяар эрчимтэй дэлгэрүүлэн хөгжүүлж байна.

МҮСХ-ны хүндэт Ерөнхийлөгч, спортын мастер С.Батхуяг

 

 

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.