Зараагийн гашууны унаган хүү “Засаг төрийн зандан ширээ”-н эзэн

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 29 -нд

Монгол морины хөгжилд үлэмж хувь нэмрээ оруулсан Донойдоон Галбадрах агсаныг нэхэн дурсаж байна. Морь сонирхогч, уяачид дундаа Гал хэмээгддэг тэрээр үе дамжсан уяач байжээ. Түүний эцэг Донойдоо морь сайн уядаг, хурдтай, олон түмэндээ нэр хүндтэй нэгэн байсан тухай нутаг орны хөгшчүүд нь дурсан ярьдаг. Донойдоо 1933 онд Ардын хувьсгалын 12 жилийн ойн баяр наадамд хээр шүдлэн түрүүлгэж, бор шүдлэн гуравт хурдлуулж байсныг хурдан морины цуваанаас харж болно. Донойдоо гуайн дээд удам Жамсран хиа, Дамдин хиа нар нь бор голдуу олон адуутай, хурдтай уяачид байжээ. Дамдин хиа сумын наадамд хол тасархай түрүүлж ирсэн бор үрээгээ айлчилж ирсэн хамаатны залуудаа бэлэглэсэн гэдэг бөгөөд бор үрээг хөтлөөд явахад гүүн зэлэн дээр байсан адуу нь дагаж хошуураад үүрсэж байсан гэх яриа бий. Бор үрээ шинэ эзэндээ очоод дараа жилийн наадамд нь тасархай түрүүлж байгаад хадуурч бариачдын араар явчихсан бол түүнээс хойш нэг түрүүлж, нэг айрагдаж байсан гэдэг. Эртний түүх сөхөн цуваа харж байхад долоо хошуу даншиг наадамд Боржигон Цэцэн бэйсүүдийн нэр дээр 1886-1901 оны хооронд 12 адуу түрүүлж, айрагдсаны найм нь бор зүсмийн адуу байжээ. Энэ нь Дамдин хиагийн бор үрээний төл юм. Олноо “Засаг төрийн Зандан ширээ” хэмээн алдаршсан хүрэн морь ч гэсэн угшил гарвалын хувьд бор үрээтэй нэг цустай. Ийнхүү эцэг өвгөдийн хурдан удмыг өвлөж авсан Гал 1911 онд Цэцэнхан аймгийн Боржигон Цэцэн ван хошуунд “Зараагийн гашуун” гэдэг газар айлын ууган хүү болон төржээ. Эцэг эх нь голомт залгах хүүгээ хар болгохоор  шийдэн багаас нь хурдан морь унуулж, адуу малтай ноцолдуулах болсон аж. Тиймээс 1930-аад оны дундуур цэргийн алба хааж, 1940 оноос сум орон нутагтаа алба хаших зуураа ааваасаа морь уях арга ухааныг уламжлан сурч авчээ. Энэ нь түүний бүхий л амьдралын туршид ашиглагдсан бөгөөд өөрийн үр хүүхдэдээ өвлүүлсэн юм. Түүний хүү Г. Баттөмөр ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, эдүгээ МУ-ын Алдарт уяач цолыг хүртээд байгаа. Насаараа морины хөхөл сүүл боож, адуу манаж хоносон Гал аймаг сумдын наадмаас 100 шахам айраг түрүү хүртэснийг цуваанаас харж болно. Үүний дотор 1956 онд АХ-ын 45 жилийн ойн баяр наадамд хүрэн морь нь түрүүлж, соёолон хээр азарга нь аман хүзүүдсэн байдаг бол. 1957 онд АХ-ын 36 жилийн ойн баяр наадамд хавчиг хээр азарга нь түрүүлж, хүрэн морь нь аман хүзүүдэж, 1958 онд АХ-ын 37 жилийн ойн баяр наадамд хүрэн морь нь түрүүлжээ. Дараа жил нь буюу 1959 онд хүрэн морь дахин түрүүлж, 1960 онд хээр азарга нь гуравт, бор азарга нь зургаад, бор хязаалан нь тавд,1963 онд цагаан саарал шүдлэн нь түрүүлж, 1967 онд цагаан саарал азарга нь тус тус хурдалжээ. Ийнхүү 10 жилийн дотор өөрийн унаган адуугаараа улсын баяр наадмаас таван түрүү, зургаан айраг хүртжээ. Өөрөө унаган хурдтай ч болоод ч тэр үү, Гал уяач гаднаас азарга авдаггүй, цус сэлбэх зорилгоор зөвхөн гүү л авдаг байсан гэдэг. Д.Гал ахмадуудын хэлдгээр мэдрэмж сайтай, торгон уяач байсан гэдэг. Тод манлай уяач Даваахүүгийн аав Данзанням хурдан хээр морио Гал гуай шиг тарган уяна хэмээн буруудаж байсан нь дээрхийг баталдаг. Д.Гал сайн байгаа морьдоо их, дунд сунгаанд олон нийлүүлдэггүй дангаар нь сунгадаг зуршилтай байжээ. Аавынхаа энэхүү уяаны онцлогын талаар Г.Баттөмөр ярихдаа: 1956 оны улсын баяр наадмын өмнөхөн Баян сумын Хашаатад дунд сунгаа боллоо. Тэр жил Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн олон уяачид, Хэнтийн Галшарын халх даяар магтагдсан монхор Халтарын Одон улаан, Д.Цэгмидийн Бөгөн хул л зэрэг цуутай хүлгүүд ч ирсэн байлаа. Дунд сунгаанд 100 их хол гарсан морьд уралдаж хүрэн морь маань хол түрүүлсэн. Хээр соёолон ч бас айрагдсан байна. Тэр оройноо хөдлөөд Бөөн цагаан давааны энгэрт явж байтал сул явж байсан хүрэн морь хэдэн бага адуу дагуулаад буцаад зугтаачихав. Бид морьтой хөөгөөд гүйцээгүй. 10 гаруй км хөөж байтал сунгаа хийсэн уяаны буйран дээр ирээд баригдсан. Хүрэн морины хөлс нь бөнжигнөтөл дусалчихсан байж билээ. Аав биднийг буцаагаад өөрөө хөтлөөд очино гээд үлдсэн. Тэр үед хоёр өнжөөд сунгаа хийдэг байсан. Маргаашийн сунгаанд хүрэн морио сунгахгүй гэх аавын үгийг сонссон ээжийн аав Норовжав өвөө “чи тийм тарган морийг сунгахгүй гэдэг буруу сунга” гэлээ. Гэхдээ аав үгэнд нь ороогүй. Тэр жилийн наадам их өргөн болж, их насанд 800 гаруй морь мордож хүрэн морь түрүүлсэн. Хээр соёолон аман хүзүүдсэн. Дараа жил нь 36 жилийн ойд хээр азарга хавчигтаа түрүүлж, хүрэн морь аман хүзүүдсэн. 37 жилийн баяр наадамд Шийтэр гуайн “Түмэн эх” зээрд азарга морь барианы өмнөх судаг руу /200 м орчим/ түрүүлээд орж ирсэн. Араас нь манай хээр азарга маш ширүүн хөлтэй хөөж ирээд зөв талаар нь орж түрүүлсэн юм. ханилаад ирсэн хоёр азаргаа бид хамт хөлсийг хусаж байтал Шийтэр гуай ирээд “Гал чи надаас сайн уяач юм даа” гэж байсан. Энэ нь уг нь миний азарга илүү хурдан л даа гэсэн утгыг агуулж байсан байх. Өөр нэгэн дурсамж хүүрнэхэд 1976 оны наадмаар юм байна. Хөдөө байсан дунд охин маань халуураад гэсэн хэл аваад 7 сарын 11-ний өглөө эхнэр бид хоёр такси хөлслөөд яаран сандран очлоо. Охины бие ч гайгүй болчихсон, азарга мордоод явчихсан байсан. Азарга ирж байна гэхээр нь хартал морь барианаас дөрвөн км орчим хоёр адуу бусдаас хол т?сарчихсан давхиж явсан. Такситайгаа давхиж очоод хартал шарга, бор азарга айргийн тавд ч алга байв. Манай хүргэн Чимэд-Очирын том охин нь унаж уралдсан юм. Ээж хүргэн хоёр сандраад хүүхэд нь ойчсон байх, тосож харья гэв. Тэгээд тосоод явсан чинь байдаггүй. Харин морь тавьсан хүүтэйгээ уулзсан чинь бор азарга ганцаараа хол түрүүлсэн гээд уяа тойруулан хөтлөөд явж байв. Аман хүзүүнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Чадраабалын шарга азарга орсон юм байна. Чадраабал гуай азарганыхаа хөлсийг хусаж байхдаа “За яахав түрүүллээ дээ” гээд баяртай байсан гэдэг. Харин хажуугаас нь хүмүүс Гал гуайн саарал азарга түрүүлж ирээд асар тойрчихоод уяа руу гаа явчихсан шүү гэж хэлсэн гэдэг. Хүмүүс 3-4 км зайтай түрүүлсэн байх гэж ярьдаг. Энэ хурдан буяны угшил бидэнд үлдсэн. 1977 оноос аавын бие муудаад морь уяж чадалгүй хоёр жил болоод 1979 онд бурхан болсон. Ер нь аав маань эртэй, чадалтай, ухаантай хүн байсан. Морь сайн уургална. 1940,50-иад онд агт их авдаг байлаа. тэр үед адууны хашаа байхгүй. Сумын бүх адууг уургаар барьж тариа хийдэг. Багаараа адуугаа хураагаад уургалдаг байсан. Балдангийн Бадарч, манай аав хоёрыг морьтой, морьгүй адилхан уургалдаг багийн адууны 30-40 хувийг тэр хоёр уургалдаг байсан гэж настайчууд ярьдаг. Шагай сайн харвана. Сүүлчийн өргийн хоёр хасаанд дөрөв онож байсан гэдэг. Элэгдээд мөлийчихсөн сум, хашлага нь одоо ч манайд бий. Бас болоогүй сайхан барилдана. Аав маань олон сайхан хүмүүстэй үерхэж, нөхөрлөж явсан. Маршил Чойбалсангийн нарийн бичгийн даргаар олон жил байсан шомбонз Бат-Очир гуай, Улс төрийн товчооны гишүүн С.Лувсан гуай, Улсын баатар жанжин Лхагвасүрэн гуай нар намайг бага байхад манайхаар очдог байсан. Морь ярьж хононо. Нэг жил Бат-Очир гуайтай улсын наадамд хамт явсан юм. Төв аймгаас урагш буучихаад морио давхиулах гэж байхад “Маршил ирнэ гээд майхныхаа хивсийг гөвөөд л орчиноо цэвэрлээд сүйд болж байсныг санадаг. Тэгтэл хүрэн, хар хоёр шилэн форд машин ирээд маршил Чойбалсан гуай мөрөн дээрээ цацагтай их гоё хувцастай буугаад л Бат-Очир гуайн майхны хойморт завилж суучихаад хүмүүсийн хусуурыг үзээд, уяан дээгүүр очиж морьд үзэж байсныг муухан санадаг юм. Удмыг нь залгасан үр хүүхдүүд бид нар эрдэм, чадал, буянаа харамгүй хайрласан аав ээжийнхээ гэгээн хөргийг тахин шүтэж залбирч л явдаг даа  хэмээн Г.Баттөмөр Алдарт дурсамж хүүрнэсэн. Эцэг өвгөдийн өв соёлоо хойч үедээ нандигнан үлдээж, Монгол морины хөгжилд үнэлэхүйц хувь нэмрээ оруулсан Манлай уяач Донойдоон Гал гэгч ийм нэгэн Гавьяат байжээ.      

А.Тэлмэн                  

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна