Эзнээ олсон эгэлгүй хурдан хээр

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 02 -нд

Энэ цагийн шилмэл хурдан хүлгүүд булан маань Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадамд дөрөвт, “Их хурд-4” шигшмэл морьдын уралдаанд гуравт хурдалсан Баянхонгор аймгийн харьяат “Баянлиг” компанийн захирал Л.Олонбаярын хээр морины угшил гарвал, амжилтын түүхээр үргэлжилж байна. Морь сонирхогчдын дунд Олонбаярын хээр хэмээн алдаршсан энэхүү хурдан хүлэг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул  Баатархүү гэгчийн унаган адуу бөгөөд Олнууд угшилтай. Найз нөхөд нь Олноо хэмээн дууддаг одоогийн эзэн нь анх хээр морио худалдаж авахдаа өөрийнх нэртэй ойролцоо угшилтайд нь ихэд бэлгэшээж байсан гэдэг. Сайн морь эзнээ хайж явдаг гэсэн үг бий. Хээр морь бид хоёр тийм ерөөлөөр учирсан хэмээн тэрээр дурсах дуртай. 2006 оны хавар гурван сард Сүхбаатар аймагт бизнесийн ажлаар явж байсан Олонбаяр морины эзэн залуутай танилцаж адуун дээр нь иржээ. Тэр үед нутагтаа болсон нэг сунгаанд амжилттай давхиж, дараагийн сунгаанд нь олигтой давхиагүй гэх туранхай хээр морь нүдэнд нь туссан аж. Тэгээд эзэн залууд нь ам нээтэл дуун дээр нь зөвшөөрсөн гэдэг. Өвлийн уяан дээр алдаа гаргасанаас болоод бие нь муу байсан хээр морийг Улаанбаатарт авчран багагүй хугацаанд эмчилгээ хийсний эцэст хөл дээр нь босгон тэр жилийнхээ улсын баяр наадамд уралдуулсан ч төдийлөн амжилт гаргасангүй. Харин 2007 оны анхны наадам “Дүнжингаравын хурд”, улсын баяр наадам, “Их хурд-4” т айрагдан уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулах нь тэр. Хээр морь маш нарийн уяатай, ялангуяа хоол ундны тал дээр. өмнө нь хоол ундыг нь тааруулаагүйгээс болж үхлийн ирмэгт тулж байсан болохоор бусад морь шиг биш эзнийх нь хэлснээр их хямсгар. Харин хоол унд нь таарсан бол давхар уяагаар хэдэн ч наадамд уралдах чадалтай. Түүнийх нь баталгаа жилд есөн наадамд уралдан есөн медаль хүртсэн. Түүнийх нь ихэнхи нь алт. Л.Олонбаяр хээр морины эзэн залууг гүндүүгүй жинхэнэ Монгол эр, тиймдээ ч буянт хүлэг нь ийм хурдан байгаа байх хэмээн үнэлдэг юм билээ.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна