Монголд тахь сэргээн нутагшуулсаны 20 жилийн ой тохиож байна

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 06 -нд

Дэлхийн цээжийг хүлэг морьдийнхоо туурайгаар тамгаласан адуун хийморьтой монголчууд бид дэлхийд цуутай баялаг ард түмэн. Нэгэн үе тахь адуу мөхөх аюулд орлоо хэмээн халаглаж, харамсах хүмүүс олон байсан ч өдгөө тахь адуу маань уугуул нутаг- Монголдоо нутагшиж сүргээрээ бэлчээрлэн яваад нь баярлах хүмүүс түүнээс ч их. Пржевалскийн адуу буюу Монголчуудын нэрлэж заншисанаар тахь 1960-аад оны сүүлээр байгаль дээр устсан гэж үздэг. Монголын баруун өмнөд хэсэгт орших Зүүнгарын говьд хамгийн сүүлд үлдсэн тахь нутагшиж байсан  түүхтэй. Тахийн тоо толгойг сэргээн нутагшуулах үйл ажиллагаа эхлээд 20 жилийн нүүрийг үзжээ. Энэ олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд үнэт баялагийнхаа нэгээхэн хэсэг болох тахь адуугаа аварч чадсан.  Тахь зөвхөн 13 үндэслэгчтэйгээр гаршмал нөхцөлд мэнд үлдсэн бөгөөд Монгол тахийн бие даасан зэрлэг популяци бий болгохоор ажиллаж байна. Тахь гэрийн малтай бэлчээрийн төлөөх өрсөлдөөн, мөн тэднийг хэт агнаж байсан нь байгаль дээр устах гол шалтгаан болсон гэж үздэг. Прагийн амьтаны хүрээлэн тахийн удмын санг үндэслэсэн бөгөөд Германы Колн-ын амьтаны хүрээлэн Европын ховор зүйлүүд хөтөлбөрийн тусламжтайгаар 1980 оны дунд гэхэд 1000 тоо толгойд хүртэл өссөн байна. өнөөгийн байдлаар Хустайн Байгалийн Цогцолоборт Газар, Тахийн тал-Говийн Их Дархан Цаазат  Газар-ын Б хэсэг, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талын орон нутгийн хамгаалалттай газарт тус тус тахь адуу сэргээн нутагшуулах их үйлс амжилттай явагдаж байгаа бөгөөд Монголд нутагшуулж буй тахийн тоо 350 хүртэл өссөн байна. Тахь адуу сэргээн нутагшуулах удаан хугацааны хөтөлбөрийн амжилтын үндэс нь экосистемийн хамгаалал, орон нутгийн удирдлагууд, нүүдэлчин ард түмэн, Монгол засгийн газарын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Тахийн популяцийг хамгаалах өнөөгийн болон цаашдын менежментийн асуудал нь тэдний амьдрах орчинг хэрхэн хамгаалах, мөн орон нутгийн удирдлагууд, нутгийн уугуул иргэдтэй хэрхэн хамтран ажиллахаас хамаарна. Монголын засгийн газарын дэмжлэг нь тахь сэргээн нутагшуулах ажлын удаан хугацааны амжилтанд нөлөөлөх гол хүчин зүйл нь гэж үзэж болох юм. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна