“Даатгал” хээрийн төл цахиур хагалах уу?

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 08 -нд

Түүхт 800 жилийн ойн түрүү Б.Жаргалсайханы хээр азарганы талаар бид өмнө нь хүргэж байсан. Олноо “Даатгал” хэмээн алдаршсан хээр азарга дөрөвхөн жилийн хугацаанд улс бүс, Их хурд уралдаанаас хоёр түрүү, таван айраг хүртэн эзнээ МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болгож байсан юм.
Хурдны өлгий Сүхбаатар нутгийн унаган хүлэг уралдсан болгондоо цулбуур өргүүлэн шуугиулж байсан ч  уягддаг азарганы бэрхшээлүүдийн нэг үр төлийн тухайд асуудалтай байсан хэмээдэг. Төрлөхийн мурий сэлдийтэй хээр азарганд хоёроос олон гүү хураалгах боломжгүй  байсан бөгөөд ороог нь гаргах гэж бас ч үгүй нэлээд асуудал болдог байсан гэдэг. Чухам тиймээс Б.Жаргалсайхан Алдарт хураалгах гүүний тухайд тун нухацтай ханддаг байжээ. Харин хээр азаргыг хотод авчирсан цагаас эхлээд уяа сойлгыг нь тааруулж  байсан аймгийн Алдарт уяач Сүхбаатар хоёр жил дараалан хоёр гүү хураалгаж, нэг охин, хоёр эр төл авсан байдаг.  Төв аймгийн Баянцогт сумын уугуул Дамдинсүрэнгийн улсын наадамд айрагдаж байсан хурдан зэгэл азарганы төл зэгэл гүүнээс гарсан эр унага эдүгээ хавчиг азарга Архангай аймгийн Алдарт уяач Ч.Мөнхбатад буй.  Сүхбаатар уяач хурдан моринд сэтгэлтэй ахдаа бэлэг болгон өгсөн нь энэ бөгөөд цуут хүлгийн цорын ганц эр төл хэмээгдэх зэгэл үрээ  соёолон хүртлээ уягдаагүй ч энэ жилээс аймгийнхаа наадамд тоосоо өргөхөөр зэхэж байгаа аж.

А.Тэлмэн
 


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна