Орост жилдээ 3 мянган тонн айраг исгэдэг

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 11 -нд

Манай хойд хөрш ОХУ-д жилдээ 3 мянган тонн айраг исгэдэг ажээ. Айраг үйлдвэрлэдэг цөөн хэдэн аж ахуй байдаг. Жишээлэхэд, оросын айрагны 20%-ийг үйлдвэрлэдэг Твер мужийн Кашины район дахь айрагны ферм байна. Энэ фермд 1500 гаруй башкир үүлдрийн гүү байдаг ажээ. Хэрэв ийм тооны гүүнээс бүгдээс нь саам авч чаддаг бол энэ аж ахуй нь оросын айрагны хэрэгцээний тавин хувийг хангах боломжтой.
Ферм дэх гүүнүүд нь тусгай хашлагаар ээлжээ хүлээн сааманд ордог. Ингэхдээ хүний зүгээс ямар нэг албадлага хийдэггүй, сүргийн  дотоод зохион байгуулалтыг ашигладаг аж.
Энэ фермийн 1500 гаруй гүүнээс одоогоор 240-өөс нь л саам авч байна. Оросууд гүүг цаг хагас, хоёр цаг тутам саадаг бөгөөд нэг удаа саахдаа литр хагас орчим саам авдаг аж. Айраг исгэлтийн цех нь ариун нөхцөлтэй, 200 литрийн том саванд тусгай харьцаагаар хөрөнгө саамыг холин исгэдэг. Фермд байгаа башкир үүлдрийн гүү нь монгол адуутай адилаар бэлчээрээр өвс тэжээлээ олдог, арчилгаа бага шаарддаг гэдгээрээ ихээхэн ашигтай байдаг ажээ. Цаашдаа хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдвэл энэ ферм нь муждаа ахиад 10 гаруй айрагны ферм байгуулах зорилготой ажиллаж байгаа гэнэ.
Оросууд айргийг уушигны өвчин эмгэгийн үед эмчилгээний журмаар илүүтэй хэрэглэдэг.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна