МУ-ын Алдарт уяач Б.Төмөрчөдөр: Дэлдээн хүрэн маань олон жил шөвгөрсөн

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 18 -нд

-Хэзээнээс эхлэн морь уях болсон бэ? Таны өвөг дээдэс морь уядаг улс байв уу?
-Миний аав Батмөнх гэж хүн байлаа. Ухаан орохын л аавынхаа морины уяа  сойлго тааруулж, уралдуулж байхыг харж өслөө. Би айлын ганц хүү. Хэдий их эрх танхи өссөн ч аавдаа туслах, адууны ажил хийх гээд юу эс мундахав. Ингэж явсаар яваандаа адуугаар “өвчилчихсөн”. Бие даан 1950-иад оноос эхлэн морь уяж байна. Анх 12 настай өөрийнхөө морийг уяад, өөрөө унаад секундын уралдаанд түрүүлж байлаа шүү дээ. Харамсалтай нь жаахан байсан болохоор хэдэн секунд хурдалж түрүүлсэнээ мэддэггүй юм.
-Дараа нь амжилтаа яаж ахиулав даа?
- Тэр уралдаанаас зургаан жилийн дараа Улаанбаатар хотод радио холбооны 065-р ангид гурван жил цэргийн алба хаалаа. Тэр бол 1966 он. Цэргээс халагдаж ирээд шууд л нэгдэлд ажилд орсон. Анх 200 адуу аваад 20 жилийн дотор 1000 хүргэж байв. Энэ хооронд хоёр ч удаа аймгийн аварга малчин болсон. Сумандаа бараг жил бүр аваргалдаг байлаа. За тэгээд 1995 онд Монгол улсын Алдарт болов доо.
-Нэгдлийн адуу маллана. Хажуугаар морь уяна гээд амаргүй байсан байх даа?
-Үгүй яахав. Хорхойтой болохоор бүхнийг л амжуулна. Яаж ийж байгаад зохицуулаад уячихдаг байлаа. Зургаадугаар сарын 20-д хүргээд ажил ундарна шүү дээ. Бидний үед одоотой адил эм тариа гэж байсангүй. Өвсөөр л “зохицуулчихдаг” байлаа.
-Хэдэн нас уях уу?
-Янз бүр. Гэхдээ ихэвчлэн зургаан нас уянаа. Үүн дотроо дээд насны морьдыг голдуу уяна. Аймгийн наадамд таван удаа морио түрүүлгэж байлаа. Ер нь тэгш ойн жилүүдэд их сайхан наадаад байдаг юм.
-Таны нэрийг гаргасан хүлгүүдийнхээ тухай илүү дэлгэрүүлээч?
-Манай адуунд Шагдаржав гэж хүнээс авсан адуу их хурдан байлаа. Завханаас авчирсан гүүний зээрд, хээр бор голдуу төлүүд олон жил сайхан хурдалсан. Бас Дэлдээн нэртэй олон удаа шөвгөрсөн хүрэн морь байлаа.
Дараа нь хүрэн морио буцааж өгөөд нэг бүгээн морь авсан ч бусад шиг нь хурдлуулж чадаагүй. Тэр үед чинь Сономцэрэнгийн хонгор морь, манай Тамирын таван хээр ид мандаж байлаа.
-Эндээс сэтгэлд хамгийн тод үлдсэн наадам гэвэл?
-Аймгийн 70 жилийн ойгоор унаган адуугаараа наадаж түрүүлгэж байлаа. Битүү хар морь түрүүлж, дараа жил нь  аман хүзүүдсэн. Харамсалтай хойтон нь хулгайд алдчихсан.
-Сүүлийн жилүүдэд морь уяж байна уу?
-Өмнөх шигээ уяхгүй байна. Энэ жилээс нэг ганц нэг юм уяж улсад очих санаатай явна. Одоо ч хуучин шиг бор зүрхээрээ л уралддаг үе өнгөрсөн байна шүү.
-За баярлалаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна