ММУҮХ-ны хүндэт Ерөнхийлөгч Д.Даваа: “Монгол адуу удаан өсөлттэй ”

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 18 -нд

-Монгол адуу, уяач хоёрыг төр засаг үнэлэх болсон нь сайхан хэрэг. Анх “Монгол адуу” нийгэмлэгийг байгуулж байхад бэрхшээлтэй зүйл олон байсан биз?
-Үндэсний соёл уламжлал, Монгол түүх, шашин шүтлэг бүгд л адуутай маань холбоотой шүү дээ. Үүнийг сэргээе гэсэн уур амьсгал тухайн хүчтэй гарч ирсэн. Би 1989 онд “Гайхамшигт Монгол адуу” гэсэн нийтлэл хэвлүүлж, оны шилдэг шагналыг хүртэж байлаа.  Тэр шагнал надад адууны төлөө ямар нэг зүйл хийе гэсэн урмыг хайрласан. Ингэснээр 1989 онд “Монгол адуу” нийгэмлэгээ  байгуулсан даа. 80 мянга гаруй гишүүдтэй, аймаг болгонд салбараа байгуулсан маш хүчтэй том байгууллага болон өндийж эхэлсэн. Үүний үр дүнд нөгөө хамаг юмны хаалт болсон гох дэгээний архив нээгдэж, морь уралдуулахыг хааж хориглосон тогтоол 100 хувь эргэж, уралдаан, наадам дэлгэрч эхэлсэн дээ. Жилийн дөрвөн улиралд морь уралдуулж, бүсчилсэн наадам дэлгэрэх аястай болсон нь сайхан хэрэг. Адуу өсөөд гурван саяд хүрлээ. Уяачдын маань нэр хүнд, ахуй амьдрал ч үүнтэй уялдаад дээшиллээ. Одоо бидэнд энэ бүхнийг улам дэлгэрүүлэх чин зорилго л байна. Манай “Монгол адуу” нийгэмлэг “Олон Улсын Морин Спортын холбоо, Азийн морин спортын хороо”-нд гишүүнээр элссэнээр олон улсын статустай байгууллага болсон.
-Холын зайн уралдааны талаар ярихгүй юу? Монгол морьдыг холын зайнд чадмаг гэдэг?
-Тийм шүү. 1999 онд холын зайн морин уралдаан зохиосноос хойш жил бүр 90,120,140 км-ийн холын зайн уралдаануудыг зохиосон. Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 160 км-т хийхэд монгол морь 9 цаг 46 минутын амжилтыг үзүүлж байна. Энэ бол дэлхийд тавд багтдаг сайн үзүүлэлт. 2002 онд монголдоо холын зайн дэлхийн уралдааныг зохион байгуулахад Ази номхон далайн дэлхийн холбооны Ерөнхийлөгч үзээд “Танай энэ махир хар”-ууд дэлхийн дээд амжилт үзүүлэхэд бэлэн байгаа хүмүүс юм байна гэж үнэлсэн. “Махир хар” гэдэг нь манай адуучин, уяачдыг л хэлж байгаа хэрэг.
-Та бооцоот уралдааныг анхлан нэвтрүүлсэн хүн. Бооцоот уралдаан хөгжиж байна уу?
-Манай холбоо монголд бооцоот уралдааныг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Нийлээд нэг, хоёр, гурван сая төгрөг тавиад уралддаг хүмүүс байгаач  тийм түгээмэл биш, хүн болгоноос 50 мянга, 100 мянга төгрөг нийлүүлж уралддаг уралдаан, Их хурд, бүсийн уралдаанууд такс төлж уралддаг болоод байна. Энэ уралдаануудаас хориод мянган долларын үнэтэй машин хожиж байна. Цэвэр тааварт уралдаан Монголд хөгжих боломжгүй юм. Яагаад гэвэл зах зээлийн багтаамж багатай. Үзэж байгаа хүн цөөн. Сонирхож байгаа хүмүүс нь мөнгө тавих чадвар муу, 500, 10 мянган төгрөг л тавина. Тийм учраас тааварт бооцоот уралдаан монголд хөгжих их хүнд. Морин уралдааны холбооноосоо морин тойруулга Яармагт барилаа. Энэ тойруулга ашгаа өгч чадахгүй байна. Тааварт бооцоот уралдаан алдагдал ихтэй учраас дөрөв, таван жил хийгээд больсон. Бид хамгийн сүүлд шилдэг морьдын тааварт уралдааныг Яармагт хийсэн. Энэ уралдаанд “Гоё хүрэн” түрүүлсэн. Бид нар бооцоогоо тааварт нь буцаагаад 10-аад сая төгрөгөө алдсан. Нийт уралдаандаа 10-аад сая төгрөг зарцуулчихаад, хүмүүсийн тааврыг өгөөд эцэст нь алдагдалд ордог болохоор ашиг тус гээд байх юм байхгүй. Хөгжих боломжгүй.
- Яагаад, өөр нөлөөлөх нөхцөл байна уу?
-Монголчууд жалгын хэдэн морио таах чадвар маш өндөр. Ойр зуурын хэдэн морио яг таадаг. Би нэг жил Гачууртад бооцоот уралдаан хийсэн. 50,50 мянган төгрөгний бооцоотой. Гачууртын Бэгз гэдэг өвгөн их өндөр бооцоо тавьсан. Тэр өвгөнийг дагаад Ж.Мөнхбат аварга ч өндөр бооцоо тавьсан. Тэгээд тэднийг дагаад хэд хэдэн хүн бооцоо тавьсан. Бүх бооцоог тэд тааж авсан. Ийм учраас Монголд тааварт бооцоот уралдаан хөгжихөд их хүнд. Аль их мөнгө хийж байна, аль таавар их авч байна тэр морийг унагч нь заавал татаж түрүүлэхгүй байх, хойшлуулах гэх мэтээр үнэнч биш уралддаг. Бид гадаадад очиж олон ч удаа таасан, мөн шатсан. Эхний дөрвөн морийг Монголчууд ямар ч байсан таадаг, гэхдээ тэр дөрвөн морь хойно урдаа орох нь л аюултай. Тэнд мөнгөө алддаг. Бодлогоор уралддаг учраас манайх шиг учир мэдэхгүй нялх хүүхэд унуулаад үнэнчээр бооцоот уралдаан хийж мөнгө олоод хөгжүүлнэ гэвэл инээдэмтэй хэрэг юм. Зүгээр тав зургаан хүн мянга мянган доллар тавиад хэн нь хурднаа үзэх уралдаан бол байж болох юм. Дэлхийн тааварт мөрийтэй уралдааны газрууд нь их мөнгө олдог учраас нийгмийн халамж, морин спортоо хөгжүүлэхэд санхүүжүүлдэг гол байгууллага нь болдог юм байна лээ. Иймээс би өөрөө чадаагүй ч Монгол бооцоот уралдааныг ямар менежментээр яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр их анхаарч ажиллах болно. Ингэвэл Монголын нийгмийн халамж, эмзэг бүлгийн хүмүүст ч гэсэн их хувь нэмэр болох юм.
-Монголд морин спортын хэрэгсэл хийдэг газар бий юу?
 -Дэлхийд морин спортын хэрэгсэл хийдэг томоохон хэдэн компани байдаг. Монголд мөн энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг хоёр гурван газар бий. Спортын мастер З.Ариунболдын компани морин спортын эмээл, хазаар, шилбэний хамгаалалт бүх зүйлийг хийж байна. Ариунболдын эмээлийг тохоход 10 жил ажрахгүй гэлцдэг болсон нь сайхан хэрэг. Г.Ганболдын компанийн эмээл гэхэд хөнгөн Монгол моринд зохицсон байхад Ариунболдын эмээл сүүлийн үеийн эрлийз морьдод тохиромжтой байх жишээтэй. Би бас өөрөө хурдан морьны нэмнээ, унаачдын өвөл, зуны хувцас хийдэг газартай.
-Адууны тамга тэмдэг ямар учиртай юм бэ?
-Сүүлийн үед манайхан адуугаа тамгалахаа больчихсон. Овог аймгуудын гарал үүслийг тамгаар тодорхойлдог байсан гэж түүхэнд бий. Ноёдын хэрэглэдэг тамга, эгэл ардынх тэмдэг гэдэг байж л дээ. Энэ бол нэг хэсэг хоригдсон юм шиг байгаа юм. Монголын уламжлалт ган тамгыг хэрэглэхийг хорьчихсон. Европын хүйтэн азотоор хайрч цагаан үс ургуулдаг тоон тамгыг нэг хэсэг сум нэгдэл гэж байх үед хэрэглэсэн. Энэ бол үндсэндээ байхгүй болчихлоо. Сүүлийн үед хүн бүр, айл бүхэн тамгатай боллоо. Өөрийнхөө эх гэрийн тамганаас уламжлаад авчихсан зэндмэнэ, чандмань, саран, онги гээд нэмэлт хийгээд тамгаа аваад явдаг сайхан уламжлал гарсанд баярлаж явдаг.
-Монгол адууны хамгийн амжилт үзүүлэх идэр нас хэд вэ?
-Монгол адуу удаан өсөлттэй адуунд ордог. Европын адууг түргэн өсөлттэй адуу гэдэг. Удаан өсөлттэй Монгол адууны нас гүйцэх хугацаа бол 16-17 нас байдаг юм. Монгол агталсан морьны ид хурдалдаг нас нь 10-12, Ханддоржийн хонгор халзан морь гэж их хурдан морь байсан. 13,14,15-тай улсад түрүүлж байсан. Миний халиун азарга 19-тэй байхдаа 2004 онд 120 км-ийн уралдаанд гуравдугаар байр эзэллээ. Дээр үед 19 насандаа улсад айрагдаж байсан морьд байдаг юм байна лээ. Адууны дээд хурдлах нас нь 20 орчим биздээ. Дэлхийн аварга шалгаруулах уралдаанд Америкийн 20 настай гүү түрүүлсэн. Энэ нь байнга арчилгаа сувилгаанд сайн байдагт цаад амжилтын нууц нь бий л дээ. Түрүүчийн хэлдэг түргэн өсөлттэй адууны ид хурдан үе нь долоон нас. Хөгшрөлт нь эрт, аравтай бол бараг явдаггүй. Европт бол долоо, найман наснаас нь уралдаанаас хасаад үржилд орох тал руу нь явуулдаг. 

 Г.Хүрэлчулуун

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна