Спортын “найр”-аа 2000 гаруй жилийн өмнө үүсчээ

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 19 -нд

Начны найраа гэсэн нэр томъёо сүүлийн хэдэн жилийн дотор үндэсний бөхийн салшгүй хэсэг болсон гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Гэтэл спорт дахь авилгын асуудлыг зөвхөн монголчууд  л үүсгэсэн юмуу гэвэл бас үгүй. Нэр алдарт хүрэхийн тулд өрсөлдөгчдөө авилга өгч байсан асуудал одоогоос бүр 2000 гаруй жилийн тэртээ Олимпийн тэмцээнийг анх санаачилсан нутаг болох эртний Грект гарч байсан нь түүхийн бичигт хадгалагдан үлджээ. Тухайн үед өрсөлдөгчөө хахуульдан ялалт авсан тамирчныг илрүүлэх юм бол тэр дор нь арга хэмжээ авч, торгож шийтгэн, торгуулийнх нь мөнгөөр “Зевс”бурхны баримал хийж дээр нь хэн гэдэг тамирчин хэзээ, хэнийг яаж хахуульдсаныг сийлж үлдээдэг байв. Тийм болоод ч тэр үү Олимп болдог стадионы ойролцоох нэгэн толгод дээр Зевс бурхны хэдэн арван баримал өрөөтэй байж, дөрвөн жил тутамд хэд хэдээрээ нэмэгддэг байсан гэдэг. Олимп МЭӨ-776 онд үүсч ард олны дунд асар их нэр хүндтэй болж түгэн дэлгэрсэн гэдэг. Үүнээс улбаалж баатар болох гэсэн хүмүүс өрсөлдөгч нартаа хахууль өгөх  гэж  оролдсоор иржээ. МЭӨ-338 онд болсон эртний Грекийн 98 дахь Олимпийн тоглолтын дараа өнөөх зартай толгод дээр шууд дөрвөн ширхэг баримлыг байрлуулжээ. Тус баримлууд дээр нударган зодооны тамирчин Эвлол гэгч нь гурван өрсөлдөгчөө хахуульдаж ялсан болохыг сийлэн үлдээсэн нь тэр аж. Харин орчин үед байдал ямар байна вэ? Спортын тэмцээний үр дүнг урьдчилан тохиролцож шударга бусаар өөрчлөх явдал хаанаас гараад байна? Хариулт бол тун энгийн. Орчин үеийн спорт нь улам шинэ аварга амжилт тогтоохын төлөөх, хүний хурд хүчний гайхамшгийг харуулсан зүйл гэхээсээ илүүтэй асар их орлогын эх үүсвэр, нэгэн төрлийн бизнес болж хувирсанд  байгаа юм. Нэг жишээ сонирхуулахад олон улсын хөл бөмбөгийн холбоо “ФИФА”-ийн дөрвөн жилийн төсөв гэхэд л 460 сая доллар байдаг бол олимпийг сурвалжлах эрх, зурагтаар шууд дамжуулах эрхийг 1,9 тэрбум доллараар өгдөг аж. Энэ мэтээр орлого нь дөрөв дөрвөн жилийн дотор зургаа дахин өссөн байдаг аж. Юутай ч “ФИФА”-гийн данснаас жилдээ 100 сая хүртэлх доллар хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болдог бөгөөд хэн нэгэнд хариуцлага хүлээлгэлгүй өдийг хүрсэн юм байна. Мөн хөлбөмбөг, сагсан бөмбөг гэх мэтийн хэдэн зуун саяар тоологдох хөгжөөн дэмжигчидтэй спортын төрлүүдэд хахууль өгч, авах асуудал ч нэлээн гардаг болохыг судлаачид хэдийнээ тогтоосон. Цаашид спортыг тойрсон мөнгөний урсгал өсч, авилгалын асуудал ихсэх төлөвтэй байна.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна