Цэнхэрийн бахархалт хүү

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 19 -нд

Архангай аймгийн Цэнхэр сумаар овоглосон улсын цолтон тав буй. МУ-ын Манлай уяач Тойруулгын хэмээх С.Самдан, МУ-ын Алдарт уяач Т.Жалбуу, Д.Даваажав, жаахан хэмээх Ж.Дамдинсүрэн, Г.Чойдорж нар юм. Цэнхэр нутгийн унаган хөвгүүд удамт хурдан хүлгүүдээ сойж, ус нутгийнхаа нэрийг гаргасаар яваа юм. Эдгээр уяачийн нэг нь болох МУ-ын Алдарт уяач  Г.Чойдорж нь хар бага наснаас хурдан моринд хорхойсож, олон сайхан хүлгээ сойж, ард түмнээ баясган цэнгүүлж, амжилтаар дүүрэн нааджээ. Түүний хурдан морины үйлсэд нэгэн сэтгэлээр зүтгэж, нөр их хөдөлмөрлөснийг төрөөс үнэлж 2000 онд МУ-ын Алдарт цол олгожээ. Түүнд онцолж ярихаар олон хурдан хүлгүүд байдаг билээ. Сартай зээрд, халтар морь, өндөр зээрд гэх мэт буянт хурдан хүлгүүд нь түүнийг Алдартын энтэй Алдарт уяач болгожээ. Түүний “бүлтгэр хээр” гүүний таван эр төл Архангай, Өвөрхангайн наадмуудад урамтай сайхан уралдаж олон айраг, түрүүг авчээ.  Түүний  дээр дурдсан хурдан морьдын амжилтын буухиаг сөхөн харвал ийм билээ. Өндөр гэгээн Занабазарын  түмэн өлзий гийсний 360 жилийн ойд зориулсан даншиг наадамд түүний сартай зээрд хязаалан түрүүлж,   МСУХ-наас торгон мяндсан алтан жолоогоор шагнагдсан ажээ. Тэрхүү сартай зээрд морь нь 1996 онд Өвөрхангай Хархорингийн 40 жилийн ой, Баянхонгорын Баян-Овоо сумын 50 жилийн ой, 1998 онд Өвөрхангай  аймгийн Сайн Ноён Хан Намнансүрэнгийн 120 жилийн ойд түрүү өргөсөн. Халтар морь нь 1993 онд Цэнхэр сумын 70 жилийн ойд тавд хурдалж, 1996 онд Өвөрхангай Хархорины 40 жилийн ойд аман хүзүүдэж уясан эзэн, унасан хүүхдээ баясгажээ. Харин өндөр зээрд морь нь 1996 онд  Өвөрхангай Бат-Өлзий сумын наадамд түрүү өргөж, 1997 онд Архангай аймгийн наадамд гуравт хурдлан, 1998 онд Өвөрхангай Сайн ноён хан Намнансүрэнгийн 120 жилийн ойд айргийн гуравт давхижээ. Уясан бүхэн нь хурдлана гэдэг уяач хүний бахархал байдаг билээ.

Ш.Бадмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна