Халх даяар омогшсон “Их хурд”-ын түрүү

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 20 -нд

Арын хангайн хүлгэд нь иртэй, уяач нь эрдэмтэйг халх даяар гайхуулсан шигшмэл морьдын “Их хурд-4” уралдааныг нэхэн дурсъя.  Жирийн малчны адуу морины олимпод магнайлсан бахдалт агшин одоо хэр нь уяхан нэгний самсааг шархируулдаг. Нутгийн ахын  өгөх ч гэж өгсөн нутгийн дүүгийн авъя гэж авсан хээр морь моринд хайртай монгол зон олны магнай тэнийлгэн халх даяар алдраа цуурайтуулсан юм. Аймгийнхаа наадамд хол тасран түрүүлсэн хээр морио “Их хурд”-д уралдуулах эсэх тухайд Д.Мөнхтөр баахан эргэлзэж байв. Морь минь үнэхээрийн хурдан байдаг муу дүү минь тааруухан байдаг гэх хоёр талт бодолд хүлэгдэн битүүхэн бодлогширч байхуйд аав нь “миний хүү явчихаад ирэхгүй юу даа” хэмээн шулуутгав. Ингэж л хээр морь, Мөнхтөр хоёр морины олимпод уралдах нэгэн үзүүрт сэтгэлтэй болов. Үүлээр шинжвэл бараан адуу түрүүлэх байхаа гэх хөгшид  таавар уралдуулан байхуйд гараа алдаж эргэсэн Төвшрүүлэхийн хээр морь урагш ахин идсээр байлаа. Тэвчээр алдран босох суухаа хүртэл захирч чадахаа  байтлаа тэвдээд байсан Д.Мөнхтөрд хүүгийнхээ гийнгоолох дуу сонсогдож, энэ хүрээд ирээд ирсэн бол миний хээр орох нь тодорхой хэмээн ухасхийсэн гэдэг. Нээрэн ч Д.Мөнхтөрийн бодсон биеллээ олж, итгэхийн аргагүй санагдаж байсан ч хээр морь  халхын цуут хурдуудыг ардааа орхин түрүүлсэн байлаа.  Гурван жилд болдог морины их олимпод ийнхүү хөдөөгийн хөх уяачийн  монгол адуу түрүүлэн халх даяар огшоосон билээ. 

А.Тэлмэн

6 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.