Манлай уяачийн Манлай халзан

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 21 -нд

2004 оны 6-р сарын 29нд Тод манлай уяач С.Ганхуяг, Алдарт уяач Э.Ганбат нар ОХУ-аас хэд хэдэн Араб цусны адуу оруулж иржээ. Тэдний дотор Кавказаас авчирсан  Араб халзан соёолон үрээ байсан нь “Энэ цагийн шилмэл хурдан хүлгүүд”-ийн нэг Манлай халзан юм. Хамт орж ирсэн арав гаруй тооны адуунуудаас нь эзэн нь халзан үрээг төвөггүй онцолж Д.Онон Тод манлайгаар шинжүүлэхэд “Зүгээр их аятайхан хийцтэй үрээ юм” хэмээн урам нэмсэн гэдэг. Үнэхээр ч тэдний тэдний зөв байсан. 11000 долларын үнэтэй халзан үрээ ирсэн жилийнхээ өвөл нь “Дүнжингаравын хурд”-д тоосоо өргөж “бараг” түрүүлсэн. Энэ тухай эзэн Д.Чулуунбат нь нь “Угаасаа түрүүлсэн дээ. Татаатай, ямар ч ядаргаагүй омголон байсан болохоор урдуур нь гүйсэн хүнээс үргээд гэнэт зогсчихсон. Хүүхэд нь буугаад хөтөлтөл явдаггүй, мордуулах гэж очсон хүн нь хромон гуталтай, хоёр ч дахиад цасан дээр хальтирч унаад. Тэгсээр байтал арын хоёр азарга нь орчихсон. Ердөө хориодхон километрийн цаана шүү дээ” хэмээн харамсангүй ярьдаг. Тэр жил Манлай халзангийн хувьд наадмын одгүй байсан гэж хэлж болно. Учир нь зун нь улсын баяр наадамд өнгөлж явсаар барианд орохоос километр ч хүрэхгүй газарт сууж, дөрөвт хурдалж айрагдсан билээ. Гэхдээ энд уралдах газар нь сунгасан нь ч бас нөлөөлсөн байх гэдгийг сануулах нь зүйтэй байх. Өмнө нь 22-23 километрт уралддаг байсан азарга, Араб азарга уралдана гэдэг шалтгаанаар 25 километр болгож сунгах шийдвэрийг наадмын комиссоос гаргасан юм. 2005 оны өвөл болон наадмаар цэвэр цусны адууг ялгаж уралдуулахад Манлай халзан эрхгүй ялгарч хоёуланд нь түрүүлсэн. Манлай халзангийн эзэн Манлай уяач Д.Чулуунбат адууг цусаар нь ялгадаг явдлыг хүлээн зөвшөөрдөггүй нэгэн. Адилхан л мал шүү дээ. Манай Дагвааг Япончууд Монгол хүн гээд ялгаад байхгүй байгаа биздээ хэмээн уяачдын хурал дээр хүртэл хатуу үг унагааж байсан тэрээр саяханаас энэ бодлоо хаяад байгаа гэсэн. Уралдах болгондоо айраг түрүү авчирдаг Манлай халзангаа дахин яс цусаар нь ялгуулахгүй, адлуулахгүй байхаар шийдсэн байна. Тодруулбал улс бүсийн томоохон уралдаанаас зургаан түрүү, хоёр айраг хүртсэн Манлай халзан азарга ахин уралдахгүй. Түүний хэлсэнээр бол Манлай халзан хийх ёстойгоо хийчихсэн гэнэ. Д.Чулуунбатыг Манлай уяач авхад нь Манлай халзан голлох үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс түүнд эзэн нь Манлай халзан гэдэг нэрийг хайрласан байна. Монголчууд амны билгээс ашдын билэг хэмээн бэлэгшээдэг. Энэ үг Д. Чулуунбат уяачийн хувьд биелэлээ олжээ.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна