Сүхбаатарын алтан хараацайнууд

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 23 -нд

Энэ удаагийн ээлжит “Алтан хараацай”-нуудаа та бүхэндээ танилцуулах гэж байна. Тэд Сүхбаатар аймгаас ирсэн нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой унаач хөвүүд билээ. ММСУХ-ны  “Удирдах ажилтны II зөвлөгөөн”-д уяач ах нартайгаа хол, ойроос зочилсон тэдэнтэй цөөн хором хөөрөлдөхдөө үе тэнгийн багачуудаасаа илүү хэрсүүжиж, өөр өөрийн гэсэн дотроо бодолтой, доороо суурьтай болсныг нь анзаарсан юм.
-Б.Отгонтөгс. “Би Агваандорж, Мөнхжаргал хоёртой хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас ирсэн. Зургаан настайгаасаа морь унаад одоо 14 нас хүрч байна. Морь унах бол үнэхээр сайхан зүйл. Хийморьтой ч амьтан. Уралдааны замд их юм бодож амждаггүй. Түрүү, айрганд хүрчих юмсан гэж анхаарлаа төвлөрүүлж морио унадаг. Би бүсийн чанартай наадамд таван удаа айрагдаж, цагаан сараар МУ-ын “Шилдэг унаач” хүүхэд болсон юм. Төмөр-Очир ахын ембүү хээрийг унаж Дүнжингаравт дөрвөлсөн. Мөн саарал морийг нь унаж тавласан. Тэгээд Нүүрэнтэйд очиж их настай нь тавлаад, азаргатай нь айргийн дөрөвт хурдалж байлаа. Нэг жилийн дотор ийм таван айраг авсан амжилтыг үзүүлж чадсандаа маш их баярладаг. Өнөөдөр энд олон хүүхдүүдтэй танилцлаа. Бид дандаа унаачид учраас мориныхоо тухай л их ярьж байна даа.
-М.Агваандорж. “Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас ирсэн. Одоо 14 настай. Сумынхаа дунд сургуулийн 5-р ангид сурч байна.  Долоон жилийн өмнөөс морь унаж эхэлсэн. Т.Галбадрах ах маань анх морь унуулж сургасан даа. Манай ангид хурдан морь унадаг хүүхдүүд олон байдаг. Одоогоор би Төмөр-Очир ахын морийг унадаг. 2009 онд аймгийн шилдэг унаач болсон маань миний хамгийн мартагдашгүй сайхан мөч”.
-Т.Мөнхжаргал. “Би 12 настай. Бүүр жаахан байхаасаа л морь унасан даа. Бид гурав нэг хүний морийг унадаг. Агваанаа бид хоёр 2009 онд аймгийн шилдэг уяач болсон. Харин манай Отгонтөгс МУ-ын шилдэг хүүхэд шүү дээ. Би аймагт түрүү, Мөнххаан суманд айраг, Хэнтийд айрагдсан гээд олон наадмын айраг түрүүтэй. Миний аав Төрмөнх гэж хүн уяач хүн л дээ. Аавынхаа уясан морийг унаад сумандаа нэг түрүүлж, аймагт аман хүзүүдэж байлаа. Энд ирээд олон найзтай боллоо. Кино үзэж, гоё хоолонд орлоо. Сэтгэгдэл маш өндөр байнаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна