Аймгуудын баяр наадмын хуваарь гарлаа

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 25 -нд

Аймгийн баяр наадмуудын хувиар гарч эхэлсэн байна. Өнөө жил хамгийн түрүүнд Говь-Алтай аймгийнхан наадамлах юм байна. Тус аймаг долдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд наадмаа хийхээр Засгийн газарт санал өгчээ. Дараа нь Өмнөговь аймгийн наадам долдугаар сарын 8, 9-ний өдрүүд болно. Харин Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг 9, 10-ны өдрүүдэд наадамлах бол Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай аймаг 10, 11-ний өдрүүдэд наадмаа хийх юм байна. Хөвсгөл аймгийнхан энэ жил наадмаа улсын наадамтай давхцуулах аж. Төрийн шагналт, академич Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойн баярыг энэ үеэр тэмдэглэхээр төлөвлөжээ.
Завхан аймаг наадмаа 11, 12-нд хийнэ. Ингэж улсын баяртай давхцуулсан нь энэ жилийн наадамдаа аймгийнхаа бөхийг түрүүлүүлэх санаатай гэнэ. "Тэгэхгүй бол өөр аймгийн бөхчүүд ирээд түрүүлчихээд байх юм байна шүү дээ" гэж тайлбарлаж байлаа.

Дархан аймаг ч мөн адил улсын баяртай зэрэгцүүлж наадмаа хийх юм. Харин баруун аймгийнхан чухам хэдийд наадамлахаа одоогоор товлоогүй байна. Долдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Баруун бүсийн даншиг наадам болно. Даншигтайгаа хамт наадмаа хийх үү, түүнээс өмнө үү гэдгээ шийдээгүй байгаа бололтой. Харин ямартай ч Баян-Өлгий аймгийнхан наадмаа даншигтай хамтатгаж хийе гэж Засгийн газарт санал оруулаад байгаа юм байна. Мөн Дундговь аймаг 28, 29-нд зохиогдох Говийн бүсийн даншигтай аймгийнхаа наадмыг хамтатган хийхээр тогтсон байна.

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.