Арын хангайн Алдартууд цуврал-1

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 25 -нд

Удам дагасан уяачдын  дараагийн эзэд бол Архангай аймгийн Их тамир сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Сономцэрэн түүний хүү С.Цэнд-Аюуш нар юм. Т.Сономцэрэн агсан одоогийн Их тамир, хуучнаар Бугат сумын уугуул Тэрбишийн ганц хүү болон мэндэлжээ. Хөдөөгийн бяцхан жаалуудын адилаар аав ээждээ туслан есөн нас хүртлээ мал маллаж байгаад ардын сургуульд орлоо. Цовоо цолгин хүү Бугат сумынхаа сургуулийн босгыг ийнхүү алхан дөрвөн жилийн дараа  бага боловсролын үнэмлэхний эзэн болж, хөдөө мал маллах болов.  13 настай жаахан хүү адуу мал гэсээр таван жилийн дараа цэргийн албанд морджээ. Улмаар эрийн цээнд хүрсэн томоо эр албаа хааж ирснээс хойш хурдан морины уяа сойлго тааруулах болсоор олон олон жилийг үдсэн байдаг юм.  Ингээд 1988 онд МУ-ын аварга малчин болсон нь түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн том шагналуудын нэг байлаа. Улмаар илүү ихийг хийж бүтээхийн урам хайрласан гэдэг. Аливаа ажлыг сэтгэлээсээ хийж байж амжилтанд хүрдэг гэдгийг өнөө 13 настай мал дээр гарч байсан хүү хэдийнэ мэдэрчихсэн, бас болоогүй  түмэн олондоо үнэлүүлсэн нь тэр л 1988 он байв. Голцуу өөрийн унаган адуугаар нааддаг Сономцэрэн гуайн тухай өдгөө нэхэн дурсах морины хорхойтнууд түүний хоёр морийг ёс юм шиг дурддаг юм. Хангайд бол домог болсон хүн байсан гэх. Энэхүү алдарт бор морьд 15 хүртлээ сумын ойнуудад их олон удаа айраг түрүү хүртэж байжээ.  Том бор нь Их тамирын Цэрэннадмидынх бол бага бор нь Сономцэрэнгийн унаган адуу гэдэг юм билээ. Мөн  Алдартын данстай хээр, халзан азарганууд болон халзан азарганы үр төлүүд уясан эзнээ баясган олон жил сайхан давхижээ. Сумын ойнуудад бол шөвөг алдахгүй хурдлах халзан азарганы дараа Шагдаржавын унаган адуу болох улаан морийг худалдан авч сумандаа түрүүлгэн, аймгийн 60 жилд амжилтаа дахин бататгалаа. Эдгээр хурдан буянгуудын амжилтын буухиаг Өндөр-Улааны Донгоогоос авсан хүрэн морь түүчээлэн Их тамир сумын 30 жилийн ойд хол тасархай түрүүлэх ирэх нь тэр.  Ийнхүү тэрээр сумандаа маш олон айраг түрүүтэй, аймагтаа бол 30 гаруй айраг түрүүн эзэн болж явжээ.  Эдгээр амжилтаараа 1991 онд Монгол Улсын Алдарт уяач болжээ. Ер нь тэрээр их насны морьдыг уяаг тааруулахдаа гаргууд уяач байсан гэдэг. Сономцэрэн агсан “Морины уяа сойлго гэдэг жил шахам хийсэн ажлынхаа үр дүнг нэг л өдөр үздэг юм.  Энэ бол ээдрээтэй. Өөрийнхөө амжилт гаргах үедээ ямар нэгэн өчүүхэн жижиг алдаа гаргахад л амжилтгүй болж мэднэ. Тийм болохоор шөнийх нь хоол ундыг их сайн тохируулах хэрэгтэй. Янз бүрийг жижиг алдаануудыг тооцож байхгүй бол морь нь жаахан өөрчлөлт орохыг анддаггүй юм” хэмээн аминчлан захина. Өдгөө ч удам залгасан уяач хүү нь аавын захиасыг санан санан, хааяа бас аавтайгаа үдсэн он жилүүдийг нэхэн дурсаж  гунигласхийнэ. Тэр тоолонд  уясан морьдоо түрүүлээд ирэхэд “ялсан баатар” шиг духнаа бурзайх хөлсөө жаргалтай гэгч нь арчин зогсох аавыгаа дурсана. Аавынх нь хоёр бор морь аймгийн наадамд түрүү, аман хүзүүнд орчихоод, удалгүй Тариатын ойгоор хол тасархай түрүүлж, айрагдахад магнай хагартлаа баярлаж байснаа аав нь дурсах дуртай байлаа. Анх удаа л ийнхүү хоёр бор морь дараалан айрагдаад байх баярт  мөчид Буур Жамъяан аваргаас гарын бэлэг  гардан авсан нь давхар баяр нэмсэн гэдэг. Өдгөө Алдарт маань бидний дунд үгүй ч үр хүүхдүүд нь түүний үйл хэргийг үргэлжлүүлэн явна.
Уяач аавын удамт хөвгүүд
Сономцэрэн агсны дөрвөн хүү өнөөдөр бүгдээрээ морь уядаг юм билээ. Тэр дундаа ууган хүү С.Цэнд-Аюуш залуу уяач. Гэсэн ч өдгөө сумандаа зургаан шөвөгтэй “лут” эр болжээ. Хүүхэд байхын л аавыгаа дагаж адуу малны ажилд туслан хорвоотой танилцсан ууган хүүгийн аавтайгаа үдсэн наадам бүр нандин дурсамж тээнэ. Хоньчин Алдарт аав нь хониндоо явахдаа л уяж сойдог морьдоо зөөлөн унаж эдэлнэ. Тийнхүү хагсраан өвөл хаврын уяаг нь тохируулна. Ер нь л эдэлгээгээр нь мориныхоо уяаг тааруулдаг хүн байсан тухай Цэнд-Аюуш хүү дурссан юм. Аав хүү хоёр 1994 оны улсын наадмаар уясан морьдоо уралдуулжээ. Аав нь хоёр их морь,  соёолонтой, харин хүү азарга, даагаа хөтлөөд нутгаасаа гарч хоёр их морь нь 100 гаргаж ирж байжээ. Тэр жилийн наадмаар Ганбаатарын халзан морь түрүүлж, Хорлоодой гуайн хар азарга түрүүлж,  Гарамжав гуайн хар азарга аман хүзүүдэж байсан байдаг юм.  Тэгэхэд хүүгийн соёолон азарга 73 дээр иржээ. Ямартаа улсын наадмыг зорьж очин, улсын наадмын чансааг мэдэрсэн нь энэ байжээ.  Түүнээс хойш олон наадамд Цэнд-Аюуш уясан морьдоо сойж, амжилтаа ахиулан явна.

П.Ундармаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна