Дорнод аймгийн алтан хараацайнууд

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 26 -нд


“Алтан хараацай” булан маань үргэлжлэл ёсоороо Дорнод аймгаас ирсэн  бяцхан унаачидтай та бүхнийг уулзуулж байна. Тэдний хувьд морин дэл дээр давхиж явах нь бас нэгэн аз жаргал нь билээ. Гэвч уралдааны замд олон асуудал гардаг учраас мориноосоо ойчих эрсдэл ихтэй байдаг.  Тиймээс хурал зохион байгуулж байгаа ах нараасаа “унаач биднийг  хамгаалалтын эд хэрэгслээр хангаж өгөөч” гэсэн хүсэлтэй байгаагаа бидэнд ярьсан билээ. Хурал дээр уг асуудлыг нэлээн нухацтай ярьсан болохоор унаачид маань удахгүй хамгаалалтын хувцас, хэрэглэлтэйгээ айх эмээх зүйлгүй уралдацгаана гэж найдъя. 
-Б.Мөнхтамга. “Би Дорнод аймгийн Чойбалсан хотоос ирсэн. Аймгийнхаа 8-р сургуулийн 7Б ангид сурдаг юм. Анх таван настайгаасаа морь унаад одоо 13 нас хүрч байна. Миний аав аймгийн Алдарт уяач Бямбасүрэн гэж уяач хүн байдаг. Тиймээс аав маань  намайг моринд дуртай болгож, хурдан морь унуулж сургасан даа. Аав минь эр хүний хийморь хурдан морин дээр сэргэдэг гэж хэлдэг. Би аавынхаа морийг унаж олон амжилт үзүүлсэн. Саарал мориороо нодлин аймгийн наадамд хязаалан насанд түрүүлсэн юм. Дааганд нь тавд орж байлаа. Тэр саарлыг аав Бат-Эрдэнэ гэдэг хуурай дүүдээ зарчихсан. Өнгөрсөн жил аймгийн наадмаар би мөнгөн хараацай гэдэг цол авч байсан. Одоо үүнээсээ илүү амжилт гаргана гэж боддог. Надаас гадна миний ах  хурдан морь унаж, мөнгөн хараацай цол авч байсан л даа. Одоо том болчихсон учраас ах морь унадаггүй юм. Уралдаанд гарахын өмнө аав “морио битгий нэг их урцалдуулаарай, харин үзүүр дээр нь сайн шахаарай” гэж захидаг. Энд ирээд олон найзуудтай болж байгаадаа баяртай байна. Энэ хурлыг зохион байгуулж байгаа ах нараас унаач биднийг хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангаж өгөөч л гэж хүснэ дээ”.
-Энх-Амгалангын Энхтөр. “Миний ах нар бүгд л морь унадаг байсан болохоор би бас моринд дурлаж таван настайгаасаа морь унаж сурсан. Аав, ах хоёр маань морь уядаг болохоор өөрийнхөө морийг унана. Бас Монхоо ахын морийг унадаг. Өнгөрсөн жил Сэргэлэнд түрүүлээд, аймагт аман хүзүүдэж байсан. Сумандаа зөндөө айраг түрүү авсан даа. Өнгөрсөн жил   Сэргэлэнгийн бас нэг наадамд өөрийнхөө хонгор үрээгээр аман хүзүүнд орсон маань их дурсамжтай сайхан санагддаг.  Би одоо 5-р ангид сурч байгаа. Морь унах бол миний хамгийн дуртай зүйл”.
- А.Баасансүрэн. “Би Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолборын 7б ангид сурдаг. Долоон настайгаасаа морь унаж эхэлсэн дээ. Том биетэй болохоор дараа жилээс мориноос хасагдаж магадгүй л юм. Ариунболд ахын морийг унадаг. Аймгийн 80-н жилээр айргийн тавд цавьдар мориор орсон. Аймгийн наадмаас тав, зургаан айраг түрүүтэй шүү. Дараа жилээс шилдэг унаач болчихно байхаа. Өнөөдөр их сонирхолтой байлаа. Ийм олон хүүдүүдтэй кино үзэж, хоолонд орлоо. Гоё байна”.

 

    

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна