Арын хангайн Алдартууд цуврал 2

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 27 -нд

Ууган мастер улсын Алдарт

Архангай аймгийн Булган сумаас төрсөн Алдартуудын нэг болох Ш.Найманжин уяачийг адуунд дагуулсан хүн бол яах аргагүй түүний аав билээ. Түүний аав  Далайн Шарав нь 1908 онд Батцэнгэл сумын нутагт төрсөн. Д.Шарав уяач 1930-1970 он хүртэл морь уяж, нэгдлийн мал малладаг байж. Түүний хурдан бор халиун азарга аймгийн наадамд 5-6 удаа түрүүлж, хэд хэд шөвгөрч байсан хурдан буян байсан гэдэг. 1950 оны дундуур улс хувьсгалын баяраар азарганы тоо 20 хүрээгүй учраас их нас, азарга хоёр нийлэн уралдахад халиун азарга нь айргийн тавд давхиж байсан гэдэг. Д.Шарав агсан таван хүүхэдтэй бөгөөд гурван охин, хоёр хүүтэй.
Ууган хүү Ш.Найманжин нь хар багын л адуунд дуртай, аавынхаа хаа явсан газар нь дагаж явдаг нэгэн байв. Аавын уясан хүлгэдийг унаж хурдлуулдаг байсан тэрээр эр биенд хүрч цэргийн албанд татагдан, сургууль соёлын мөр хөөсөн ч адуунаас холдож төвдөөгүй гэдэг. Тиймээс аймгийн БХТНийгэмлэгийн дарга, захиргаанд няраваар ажиллаж байхдаа зундаа морь уян хорхойгоо дардаг байсан аж. Ш.Найманжин аймгийн чанартай наадмуудаас 10 гаруй түрүү, олон айраг авч 1993 онд МУ-ын Алдарт хэмээх энэ эрхэм цолны эзэн болсон бөгөөд түүний хурдан шар халиун азарга, шарга морь, бор  хээр азарга  нь урамтай сайхан уралдаж, энэхүү цолонд нь хүргэсэн гэдэг. Ш.Найманжин өөрийн адуу сайн давхилаа гээд ханасангүй нутгийн адууны цусыг сэлбэхээр зүүн зүгээс  адуу авчирч, соёлын үр таригсдын нэг нь. 1995 онд Сэлэнгийн Орхонтуулаас авчирсан хээр азарга ньолон сайхан хурдан буян төрүүлж өгсөн гэдэг. Мөн Ш.Найманжин уяач морь уяхаас гадна мөсөн шагайн спортод их хувь  нэмэр оруулж Монгол улсын анхны улсын мэргэн, монголын үндэсний спорт тоглоомын ууган мастер зэрэг цолыг хүртэж байсан хөдөлмөрч нэгэн юм.
Шарав уяачийн шаггүй ач
Аймгийн Алдарт уяач Н.Сандаг-Очир гурав дахь үеийн уяач. Долоон настайгаасаа эхлэн хурдан морь унасан тэрээр нэг хэсэг сургууль соёлын мөр хөөж хот хүрээ бараадсан хэдий ч өвгөдийн үлдээсэн буяныг орхиж төвдөөгүй гэдэг. 1998 оноос бие даан морины уяа эвлүүлж байгаа тэрээр аймгийн чанартай наадмуудаас 20-иод түрүү, 30-аад айраг хүртэн амжилттай сайхан нааджээ. Долоохон насандаа түүхэнд мөртэй, түмэндээ нэртэй сайхан уяачдын удам гэдгээ мэдэрсэн түүнд нэгэн том зорилго байдаг ажээ. Тэрээр өвгөдийнхөө үлдээсэн хурдан буянгуудыг улам чанаржуулан, сайжруулах мөн эцэг өвгөдийнхөө нэр сүрийг гаргаж, өөрийн амжилтуудыг улам  бататгахын төлөө зүтгэх ёстой хэмээн өөртөө зорилго тавин ажиллаж байгаа юм байна.

Ш.Бадмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна