Тод манлай уяач Д.Ганбаатар: морь түрүүлж айрагдахад эр хүн цэнгэлийн манлайг эдэлдэг

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 04 -нд

-Уяа эвлэг, морь хурдан сайхан зусаж байна уу ?
-Сайхаан, сайхан зусаж байна. Энэ жил зургаан насанд 60-70-аад адуу уяж байгаа. Өнөөдөр морьдоо сунгалаа, эвтэйхэн л байна.
-Өнгөрсөн өвөл цаг хатуу хүндхэн байлаа. Харин танай адуу өнтэй сайхан оржээ дээ?
-Манайх сүүлийн 2-3 жил энэ сайхан нутагт өвөлжиж байна.Уул ус нь тэгширсэн дэлгэр нутаг. Адуу маань боломжийн сайхан орсоон.
-Уяан дээр шинэ монгол адуу цөөнгүй бий байх. Ер нь сүүлийн жилүүдийн бага насны морьдын уралдааныг эрлийз адуу тодорхойлж байна. Танай адуу гарцаагүй  тааварт яригддаг?
-Ерөөл бат орших болтугай. Олон сайхан хурдан буянгууд ах бид хоёрт заяасан л даа. Түүнээс бид хоёр тийм айхтар мундаг уяачид биш. Улс бүсийн наадмаас 10 гаруй жил тасралтгүй айраг, түрүү хүртлээ. Үүнээс илүү баяр бахдал гэж юу байхав. Буурлуудын маань буян заяа гэж бодож, залбирч явдаг даа.
-Тод манлай Алтай нутгаар овоглогддог ч хотын хүүхэд байхаа. Адуу мал сонирхох болсон нь хэзээнээс вэ?
-Өнөөдөр костюм өмсөж, машин унаж байгаа ч Монголчууд бид өвөг дээдэс, удам судраа яривал  бүгд л морин дэлэн дээр өссөн хүмүүс. Уяачид хоорондоо ярьдаг л даа. Моринд хорхойсох вирус монгол хүн болгонд бий гэж. Тэр вирус нь амархан идэвхиждэг байх. Миний хувьд тийм л юм болсон. Манай аав Говь-Алтайнх, ээж Өвөрхангайнх. Зуны амралт болонгуут хөдөө явна. Тэр үед одоогийнх шиг тохилог тэрэг гэж байсан биш, зам харгуй нь ч муу байлаа шүү дээ. Тийм байхад л ачааны машин дээр сууж аваад 5-6 хоног тонгочуулсаар Алтайд очно. Донсолно, шаварт сууна, зарим жолооч ах нар архи уугаад явахгүй. Тэгсэн хэр нь дуртай болохоор юман чинээ бодохгүй шүү дээ. Тэгээд оччихоод хонины морийг нь унаад давхихаар өвөө “Морь муу зан сургалаа” гээд зэмлэнэ. Гэхдээ хурдан морь бол унаж байгаагүй ээ.
-Та чинь анд явж байгаад л гэнэтхэн уяач болчихсон гэдэг бил үү?
-/инээгээд/Тэгсэн. Адууны зүс ч нарийн мэдэхгүй шахуу байхдаа Төв аймгийн Жаргалант суманд ан хийж яваад нэг айлд хоноглосон юм. Тэдний нэг азарга нүдэнд тусаад байхаар нь эзэнд нь санал тавьталч Ав, ав гэхдээ үнэтэй л өгнө шүү” гэсэн. Ерөнхийдөө үнийг нь дийлэх юм бол аваа л гэсэн л дээ. 1998 онд адуу одооных шиг үнэтэй байсангүй. Хэлсэн үнийг өгөөд шууд авсан. Би алдаагүй ээ сайхан  хурдан буян байсан.Сумын наадамд ч уралдаж үзээгүй битүү азарга маань над дээр ирээд гурав хоногийн дараа аман хүзүүдэж, долоо дахь хоног дээрээ түрүүлж байсан юмдаг. Юм гэдэг учиртай л даа. Манай өвөг дээдэс сайхан хурдан буянгуудаар уралдаж, наадаж явсан. Тэдний маань буян байх л гэж боддог.
-Тэгээд нэг хэсэг адуу нэлээд идэвхитэй цуглуулсан уу?
- Амралтын өдөр ч гэртээ тогтохгүй ийш тийшээ явж адуу үзнэ. Төв аймгийн Жаргалант, Борнуур гээд хаана л хурдан адуу, гүүний сураг гарна тийшээ гараад давхичихдаг байлаа. Анхны юм сайн байна гэдэг үнэхээр их урам өгдөг юм билээ. Нэг найз руугаа яриад “Хээр зүсмийн нэг сайхан морь хэрэгтэй байна. Аятайхан адуу байна уу” гэсэн чинь “Борнуурт нэг сайн морь байгаа” гээд зааж өгсөн нь  Дэлт хээр маань шүү дээ. Дэлт хээр маань олон удаа түрүүлж, айрагдан намайг баярлуулсан даа. Эргээд бодоход ах бид хоёр битүү голдуу адуу авдаг, тэдний ихэнх нь давхисан юм билээ. Тэр утгаар нь их бэлгэшээж явдаг.
-Мориныхны дунд Максын үхэр байсан ч орно гэсэн яриа байдаг юм билээ. Та сонсож байсан уу?
-( Инээв ) Эр хүн хийморьтой байх сайхан шүү дээ. Морь уяж эхэлж байгаа хүмүүс улсын наадмаас айраг, түрүү авна гэдэг том мөрөөдөл л дөө. Бидний тэр мөрөөдөл улсын наадамд их нас, соёолон түрүүлгэж /айрагдаж/ биелсэн. Тэр мөч үгээр хэлэхийн аргагүй жаргал, баяр бахдал, аз хийморь байлаа. Эр хүн дотогшоо уйлна гэдэг л тийм байдаг байх. Цэнгэлийн манлай ч гэж хэлж болно. Ерөнхийдөө бол хэт их баярласандаа орчлонгоос тасарчихаж байгаа юмуу даа. Тэр жил их насны уралдааныг дагаж явсан юм. Нэг мэдэхэд машинаас үсрээд буучихсан байсан. Цуг явсан хүмүүс “Чи зогсоогүй байхад үсрээд буучихсан уу. Нэг мэдэхэд алга болчихсон байсан” гээд хөхрөлдөж билээ./инээв/
-Тийм бахдалт агшин таны амьдралд нэг бус удаа тохиож байсан. Максын ах дүүс нэг наадмаас гурван түрүү хүртсэн бахдал цөөнгүй бий байх шүү?
-Тийм шүү. Тийм сайхан агшныг гурван ч удаа мэдэрсэн. Нэг жилийн наадмаар азарга, их нас айрагдуулж байлаа.  2004 онд Архангай аймгийн 80-н жилийн ойгоор шүдлэн,соёолон, азарга, 2007 оны        “Тамирын хурд-II” бүсийн наадмаар даага, шүдлэн, соёолон, 2009 онд Баянхонгор аймагт болсон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 370-н жилийн ойн даншиг наадмаар даага, хязаалан, соёолон тус тус түрүүлгэж байлаа.Энэ бүхнээрээ бахархаж явдаг даа.
-Нэг жилд гурван түрүү авсан ийм тохиолдлууд тийм ч олон биш байх?
-АХ-ын 70 жилийн ойн баяр наадмаар Түвдэн Манлай нэг дор гурван түрүү авч байсан юм билээ. Зургаан насны гурвынх түрүүг авна гэдэг ер нь ховорхон байхаа.
-Морь уяад 10 жилийн дараа дээд цолонд хүрсэн. Уяаны эрдмийн А үсэг заасан багш хэн байсан бэ?
-Хоргой Батсүх гэж адуу сайн мэддэг, морь сайхан уядаг хөгшин бий. Тэр хөгшин анхны маань азаргыг түрүүлгэж өгсөн. 1999 оны улсын баяр  наадмаар Онон Тод манлай их насны морины анхны айргийг, Сандуйжав Тод манлай нэг соёолонг маань уяж айрагдуулсан. Ер нь адуутай нөхөрлөсөн хүн сайхан нөхдөөр хүрээлүүлж олонтойгоо явдаг юм.
-Эргээд бодоход адуу уяж эхэлж байхад хамгийн бэрхшээлтэй нь юу байсан бэ?
-Хэцүү гэвэл зөндөө л юм байсан байх. Гэхдээ хамгийн хэцүү нь хүүхдийн асуудал. Хүний нялх хүүхдээр морио унуулж байгаа хүн чинь уначихвий, бэртчихвий гээд байнга л санаа зовно шүү дээ. “Өмнө, хойно ирээсэй гэхээсээ илүүтэйгээр  наадам будлихгүй шиг морь хүүхдүүд мэнд уралдаад ирээсэй” л гэж залбирна. Морины хүүхдүүд ямар хөөрхөн байдаг гэж санана. Байнга л нэг хөгтэй инээдтэй явдал тохиож байдаг юм. Сая орж ирдэг жаахан хүү байна ш дээ. Бааска гээд тэр нөхөр  уг нь морь сайн унадаг хэр нь тугалнаас уначихаад шоолуулаад л гүйж явах жишээтэй. Тэгээд тугалнаас унадаг хүүхэд яаж морь унахав дээ гэхээр үнэхээр тийм байхвий гээд эмээгээд байх шиг байгаа юм. Уяаны үеэр бол ах бид хоёр олон хүүхдийн аав шиг л байна шүү дээ. Түрүүчийн маань хүүхдүүд моринд томдоод туслах адуучнаар үлдчихсэн. Одоо яг морь унадаг 10 гаруй хүүхэд байна. Эдийнхээ хоол унд, хувцас хунар гээд санаа тавих асуудлууд мундахгүй ээ. Морины хүүхэд үеийнхнээсээ тэс өөр. Биеэ даачихсан, юмны наадах цаадахыг ялгачих хэмжээний болчихдог юм. Одоо манай энэ Өөдөс байна. Би Өөдөсийгөө дэлхийн хэмжээнд морь унаж монголынхоо нэрийг гаргах байх гэж боддог. Одоо 16 настай ирэх жилээс сургуулийг нь төгсгөөд гадагшаа жокейн сургуульд явуулах бодолтой байгаа. Манайд ирээд арваад жил болж байна. Яах аргагүй монголын нэг номерийн унаач. Энэ олон айраг түрүүний дийлэнхийг нь Өөдөс авсан юм шүү дээ. Ямар ч байсан улс бүсийн наадмын 20-оод түрүүг ганцаараа авсан байх аа.
-Морины амжилтанд унаач хүүхэд үнэхээр чухал. Та хүүхдүүдээ хэрхэн сонгодог вэ?
-Өө тэр тэгэлгүй яахав. Хөдөө гадаа явж байхдаа зүгээр явахгүй ш дээ. Айлын хүүхдүүдийг сонжоод. Жижиг биетэй хүүхэд харагдвал “энэ морь унадаг болов уу” гээд л./инээв/ Морь сайн хурдлуулах хүүхэд цаанаа л нэг цог золбоотой, ёстой нөгөө нүдэндээ галтай. Анх азарга авсан өдрөө би унаач хүүхдээ сонгож байсан юм. Азаргаа авчихаад байж байтал нэг хөөрхөн хүүхэд ороод ирлээ.  “Чи морь унадаг уу” гэсэн. “Уналгүй яахав” гээд л хэгжүүрхээд хөөрхөн байнаа. Тэгэхээр нь “чамаар морио унуулнаа” гэсэн  чинь “морь чинь тэгээд сайн юм бол яахав унъя л даа” гэх ухааны юм ярьж билээ. Тэгээд  азаргаа унуулсан чинь түрүүлсэн. Одоо туслах адуучин хийгээд явж байна. Ер нь хурдан морины хүүхдүүд чинь их хэгжүүн, хэрсүү нөхдүүд шүү дээ.
-Тэр ч тийм шүү. Ингэхэд Тод манлай ахаасаа гадна хэр олон хүнийг моринд уруу татсан бэ?
-Ахыг уруу татсан ч гэж дээ. Өөрөө угаасаа морь их сонирхдог байсан юм. Манайхан эхээс долуулаа. Би чинь айлын гурав дахь  хүүхэд. Манайхан эр эмгүй бүгд л моринд хорхойтой. Ээж бол бүр илүү. Уяаны тал дээр биш юмаа гэхэд бусад юман дээр зааж зөвлөнө. Ах бид хоёртоо л лам.
-Цэрэнжигмэд Манлай “ээж маань олсноо олонтойгоо хувааж бай ”гэж зөвлөдөг учраас бай шагналаасаа тухайн нутаг усанд нь хишиг хүртээдэг гэж ярьж байсан?
-Ээж маань бидэнд амьдралын арга ухаанаас их заанаа. Олзыг олуулаа гэсэн эртний өвгөдийн маань сайхан үг байна. Дээр нь морины хишгийг түгээх бүрт дэлгэрч байх шиг санагдаад авсан бай шагналынхаа нэлээд хэсгийг буцаагаад бусадтайгаа хуваадаг.
-Тэр утгаараа Монголын анхны ах дүү Манлайгууд цолны мялаалгаа олон түмэнтэйгээ хуваалцсан юмаа даа?
-Тиймээ, тэгж ойлгож болно. Морин уралдаан гэдэг нүүдэлчин монголчуудын том соёл. Энэ сайхан соёлоо улам хөгжүүлээсэй, эрийн гурван наадмаа улам бүр төгөлдөршүүлээсэй гэсэн үүднээс цолны мялаалга наадмаа хийсэн. Олон сайхан хурдан буян тоосоо өргөж, өргөн дэлгэр сайхан болсон.
-Жил бүр зохиогддог танай компанийн нэрэмжит соёолонгийн уралдаан  уламжлал болоод тогтчихож. Цар хүрээ нь ч жилээс жилд тэлж байгаа нь ажиглагддаг?
-Энэ уралдааныг хийж эхлээд 5-6 жил болж байна. Монголчууд эртнээс хурдан адуунаас соёолон насыг онцолж, иртэй хийморьтой хэмээн бэлгэшээсээр ирсэн. Хуучны тооллоор хаврын тэргүүн сар гармагц тухайн жилийнхээ өнгийг тэр уралдаанаар шинждэг гэх үү дээ. Олон түмэн зорьж ирээд оролцож байхад будлиан хутгаангүй сайхан зохион байгуулчих юмсан гэж хичээж явдаг даа.
-Максын уралдаан гэснээс өнгөрсөн жил Алтай нутгийнхан ах дүү Манлайгуудад хүндэтгэл үзүүлсэн нь бүсийн наадмын дайтай боллоо гээд л шуугисан?
-Нутаг  усныхан маань хоёр уяачийнхаа нэрэмжит сайхан наадам зохион байгуулъя гэдэг саналыг 2-3 жилийн өмнөөс тавьсан. Тэр ёсоор нь өвгөдийнхөө нутагт очиж сайхан наадам хийе, хурдан хүлгэдээ уралдуулж, хүчит бөхчүүдээ барилдуулъя гэж бодоод өнгөрсөн жил Баянхонгорын Даншигийн дараа нутаг руугаа явсан. Нутгийнхан маань их сайхан зохион байгуулж бодож байснаас ч илүү өргөн дэлгэр наадам болгосон.
-Ах дүү хоёрын арав гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн гарч, унаган адуу нь айрагдаж түрүүлж байгаа. Макс угшлын гэгддэг танай адууны онцлог юу вэ?
-Эхний хоёр гурван жил бид адуу маш эрчимтэй цуглуулсан. Азарга, гүү аль алиныг нь. Гаднаас ч тэр дотроос ч тэр авсан. Тэдний маань нийцэл зөв байсан юм шиг байна. Ямар ч байсан сүүлийн жилүүдэд бид хоёр голдуу унаган адуугаараа наадаж байна. Анхных нь зургаан жилийн өмнө миний Сарт орж байлаа. Энд бас нэг сонин зүйл хэлэхэд бид өнгөрсөн хугацаанд улс бүсийн наадмаас 24-25 түрүү, 30 гаруй айраг хүртсэн байдаг юм. Тэдний 13-14 нь дан азарганых. Эцэг мал ийм олон орно гэдэг бэлгэшээлтэй юм. Асгат саарал, Сарт, Жигүүр хул, Босоо хээр, Арвай хээр гээд олон сайхан хурдан буянгуудыг нэрлэж болно л доо.
-Өмнөх дугаарын зочин Цандэлэг манлай “бусдын адуу айрагдахад чин сэтгэлээсээ баярлаж чаддаг болсон цагт өөрийн адуу ордог юм” гэж хэлж байсан л даа. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Тэгэлгүй яахав. Морь уяж байгаа хүн үг хэл, үзэл бодлоо хүртэл зөв сайхнаар цэнэглэж байх учиртай. Сайн муу хэн ч байсан адуун дээрээ ирэхээр ерөөсөө муу муухай  юм боддоггүй. Би ер нь ажлын алжаал ядаргаагаа адуун дээрээ ирж л тайлдаг. Сайн, муу  юу ч бодогдохгүй, тархи толгой амраад адуугаа харж суух жаргал шүү. Ер нь сүүлийн үед монгол хүнд морио уяад, гэртээ аргалын утаа үнэртээд суух шиг жаргал байдаггүй юм байна гэдгийг улам бүр мэдрэх болсон.  
-Танай холбооны зүгээс морин тойруулгатай болох асуудлыг удаа дараа тавьж байсан. Сүүлийн үед тантай санал нэгтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байх шиг байна?
-Морин тойруулгын богино зайн уралдааныг хөгжүүлэх гэж хэсэг нөхдийн хамтаар анх удаа тойруулга барьсан. Уралдаан ч зохион байгуулж байсан. Гэхдээ энэ талын хууль эрх зүйн орчин дутмагаас болоод үйл ажиллагаа маань түр завсарлачихаад байна. Гэсэн хэдий ч засвар, бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жилээс эхлэн хийж байгаа. Ямар ч байсан олон улсын жишигт нийцэхүйц морин тойруулгатай болно гэсэн бодолтой явдаг.
-Тойруулга барих асуудлаар гадныхантай хамтрах уу? Нэг хэсэг Солонгосын морин тойруулгынхан ирсэн дуулдаад байсан?
-Гадна дотны улсуудтай хамтраад хийчихье гэж бодоод жаахан цаг хугацаа алдсан юм бий. Гэхдээ ирэх жил  тойруулгаа  ашиглалтанд оруулж үйл ажиллагааг нь идэвхижүүлнэ. Монголчуудын маань очих дуртай газрын нэг болно гэдэгт итгэлтэй байгаа. Америкчууд хүртэл “Морин уралдаан дээр байсан хамгийн муу өдөр, ердийн хамгийн сайн өдөртэй дүйцдэг” гэж ярьдаг юм шүү дээ. Тэгэхээр Монголчуудын хувьд тэр бол үнэхээр очих дуртай газрын нэг болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
-Зарим нэг нь  тойруулга барихад төр оролцох хэрэгтэй гэдэг бол нөгөө хэсэг нь тогтмол үйл ажиллагаа явуулах санхүүгийн бололцоогоор хангах ёстой гэдэг дээр их эргэлздэг?
-Хамгийн эхлээд энэ төрлийн уралдааныг явуулах хууль эрх зүйн актууд хэрэгтэй байна.Эрх бүхий хүмүүс үүнийг зохицуулах хууль дүрэм гаргах байх гэж найдаж байгаа. Тэгэх юм бол  байнгын үйл ажиллагааны хувьд тийм их санаа зовоод байх асуудал биш. Залуус нэг үеэ бодвол адуунд их  дурлаж орж байна. Хотын гэлтгүй хүүхдүүд морь мал унаж сурахаас эхлээд сонирхол зах зээл зөндөө байна шүү дээ. Тэгээд ч эхний ээлжинд сүрхий ашиг орлого олохдоо чухал биш. Гол нь хүмүүст ойлгуулах нь чухал. Ямар ч байсан бизнесийн нүдээр харахад энэ салбарт ирээдүй бий.
-Нээрэн таны нэртэй хэд хэдэн морь АНУ-ын морин тойруулгад уралддаг байхаа. Тэр талаараа сонирхуулаач?
-Ганц нэг адуу бий. Бололцооны уралдана гэж л үзэж байгаа. Дэлхийн том уралдаанд морь түрүүлгэх миний мөрөөдөл. Ямар ч байсан Монголчууд дэлхийн том уралдаанд морь түрүүлгэх тийм өдөр ирнэ гэдэгт би эргэлздэггүй. Миний морьд одоохондоо боломжийн аятайхан л байна. Энэ дашрамд нэг сайхан мэдээ дуулгахад миний найз МУ-ын Алдарт уяач Ганбат  Монголоос анх удаа олон улсад морь дасгалжуулах эрхийг авлаа. Энэ бол бас л нэг том дэвшил, ахиц. Ганбаа маань миний морьдыг хариуцаад ажиллах байх.
-Бахархууштай сайхан мэдээ байна. Тод манлай Монголын морин спортын цаашдын хөгжилд ямар санал  нэмэрлэмээр байна?
-Хурдан морьтой холбоотой хууль дүрмүүдээ  сайжруулах шаардлагатай байна. Монгол наадам олон зууны туршид хөгжөөд төгөлдөршөөд ирчихсэн зүйл. Манай холбооныхон  хэд хэдэн зүйл дээр өөрчлөлт хийгээсэй гэж хүсэж хүлээж явдаг. Жишээлбэл айргийн таван морьдыг зурхайд орсных нь дараа бариачид барьдаг болоосой гэж. Мөн бага насны буюу хуулинд заасан насанд хүрээгүй хүүхдээр морь унуулдагийг эрс хориглох хэрэгтэй гэх мэтчилэнгийн. Нэг үеэ бодвол наадам будлиантахаа болилоо. Яваандаа аажим аажмаар өөрчлөгдөх байлгүй дээ.
-Тод манлайн дотоод ертөнц рүү бага зэрэг өнгийе. Эр хүний чимэг эдлэл хэрэглэлийн талаар ямар сонголтыг чухалчилдаг вэ?
-Бидний өвөг дээдэс урлагийн бүтээлийг мэдэрч үнэлж чаддаг хүмүүс байсан. Тиймдээ ч эдэлж хэрэглэж байсан зүйл нь уран нарийн хийцтэй жинхэнэ урлагийн бүтээлүүд байж. Сүүлийн үед хүмүүс энэ тал дээр ихээхэн анхаарах болж. Энэ бол сайн тал. Миний хувьд хэд хэдэн эмээл, хөөрөг бий.
-“Макс” группын Ерөнхийлөгч, Монгол улсын Тод манлай уяачийн хувцасны шүүгээнд ямар хувцас зонхилдог вэ?
-За аль аль нь ойролцоо байх шүү. Ёстой нарийн анзаарч байгаагүй юм байна.
-Гадаадын бизнесийн түншүүд таныг хурдан морь сонирхдог, бүр ийм том цолтой гэж мэддэг үү?
- Мэдэх нь мэддэг, мэдэхгүй нь мэддэггүй байх л даа.Ойлгох хүмүүс тааралдвал ярилцдаг л юм.
-Улсын наадам, энд тэндэхийн бүсийн наадмуудад Максын ах дүүс ихэнхдээ л явж байгаа харагддаг? Зуны гурван сар Макс группийн удирдлага бага зэрэг эзгүйрэх гээд байдаг уу, үгүй юу?
-Аливаа амжилт ганц сайн лидерээс хамаардаггүй. Багийн, хамт олны хамтынх байдаг. Манай хамт олон ажлаа мэддэг, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байдаг учраас харьцангуй сэтгэл амар явж чаддаг.
-Танай групп ямар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна?
 -Худалдаа, үйлдвэрлэл, уул уурхай, барилга гээд 7-8 салбарт үйл ажиллагаа явуулдаг.
-Наадмын дараа аль бүсийн наадамд явах вэ?
-Морьд маань аятайхан байвал Алтай нутагтаа л очиж наадна даа.
-Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна.Таныг ч зориод уяан дээр чинь ирэхэд их сайхан байлаа.
-За та бүхэнд баярлалаа.Удахгүй төрийн их баяр наадам маань болох гэж байна.Монголынхоо нийт ард түмэнд АХ-ын 89-н жилийн ойн баярын мэндийг хүргэхийн ялдамд уяач, морь сонирхогч нарын маань уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд нь цовоо амгалан байхыг ерөөе дөө.

Унага болгон тань босоо төрөх болтугай .

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна