Тод манлай Ц.Хэнмэдэх:Зургаан насны 12 адуу уяж байна

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 04 -нд

Дээлээр гоёж, хуураар омогшсон наадам  айсуй. Дэлгэсэн торго шиг ногоон талд танан цагаан гэрүүд айлсаж, дэлхийд цуутай хурдан хүлгүүд хүүхдийн гийнгоонд уяа нь эвлэж, айраг үнэртсэн хөдөө талаас эр бор харцага шуранхайлж, адууны хийморьтой монголчууд Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадамд хурдан хүлгээ сойж байна. Энэ сайхан налгар өдрүүдэд манайхан наадмын өнгө тодорхойлох хүний нэг Тод манлай уяач Ц.Хэнмэдэх гуайтай хуурч хөөрөхөөр Төв аймаг руу жолоо заллаа. Танил эрхмийн хэлснээр Ц.Хэнмэдэх гуай аймгийн төвийн Баянхошуу хороололд амьдардаг юм байна. Өвгөн уяачийг морь гээд гэртээ байхгүйг нь гадарласан ч сургийг нь гаргая гэсэндээ эрэл сурал болсоор очиход ногоон өнгийн хээ хуар болсон хашаа нь цоожтой угтлаа. Хөршийнх нь ярьснаар Ц.Хэнмэдэх гуай Төв аймгийн Сэргэлэн сумын Сэрүүн гэдэг газар зусч буй гэнэ. Тийшээ очъё гэтэл газар мэддэггүй. Танил ах, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Ганбатад үүнийгээ дуулгахад Өө, та нар манай нутгайн тухай сурвалжлага бэлтгэхээр ирсэн бол туслалгүй яах вэ. Албаныхаа нэг хүнийг газарчин болгоод явуулъя гэснээр Сэргэлэн сумын Сэрүүн гэдэг газар руу очсон юм. Сэргэлэн сум өнгөрөв үү, үгүй юу асар майхан, монгол гэр, адуу мал багширч байна. Уяан дээрээ багширтал хурдан морь уясан галууд саахалт хүрэхгүй зайтай бууцгаажээ. Ногоон хилэн дэвсгэр дээр танан цагаан гэр барьсныг холоос харахад наадмын өглөө эгшиглэх уртын дуу санагдам. Бид ч давхисаар Сэрүүн гэдэг газраа ч ирлээ. Харин Ц.Хэнмэдэх гуайнх алга. Замд таарсан морьтой, мотоциклтой хүн бүр Энүүхэнд бий. Энэ толгойг даваад л бий гэнэ. Малчны энүүхэнд гэж заасан нь шаггүй зайтай бололтой. Нөгөө Хөдөөгийн баясгалан киноны малчин өвгөн нүүгээд олдоггүй шиг Ц.Хэнмэдэх гуайнхыг эрж сурсаар уулын сүүдэр хүүшлэхээс урьтан арай гэж олж очлоо. Тэнд ногооны үнэр сэнгэнээд, морь тургилж, өвсний шүүдэр гутал норгох нь жинхэнэ хөдөө нутгийн сайхныг илтгэнэ. Гурваар зэрэгцүүлсэн уяан дээр зургаан насны 20 гаруй морь уяжээ. Уяачид багагүй дэг ёстой байдгийг санаж машинаа зайтайхан тавив. Гэрт Ц.Хэнмэдэх гуайгаас гадна Акума төвийн захирал Ж.Баттулга болон унаач хөвгүүд ойр зуурыг өгүүлэн сууж байна. Ж.Батгулга өвгөн уяачтай хамтран хэдэн хүлгийнхээ хурд шандсыг сорихоор хамтран зүтгэж буй гэнэ. Тод манлай уяачид учир явдлаа хэлбэл нэг их цааргалсангүй. Холоос зориод очсон биднийг ганзага хоосон буцаалтай биш. Тэрээр Би гэдэг хүн сонгууль гэж явсаар байгаад саяхан гэртээ ирлээ. Сүүлдээ өөрийгөө ч ойлгохоо больсон шүү. Хүн бүрийг харж урваад хамелеон зантай болжээ хэмээн өөрийгөө шоолонгүй хөхөрлөө. Учир нь тэрээр Дундговь аймагт Мон-Уран-ны Б.Наранхүү, Архангай аймагт бие даан нэр дэвшсэн тод манлай уяач Ц.Дуламсүрэн, Төв аймагт Шадар сайд М.Энхболд нарын сурталчилгаанд нь явжээ. Ингэхдээ Б.Наранхүү, Ц. Дуламсүрэн нарыг уяачийнх нь хувиар дэмжсэн бол М.Энхболдод нутгийн зөвлөлийн даргын хувиар тусалсан гэнэ. Энэ зуур уяачаас улс төр ярьж ам халаад үндсэн сэдвээсээ хазайлаа. Бүр нам, намаар нь талцуулан ярьж, хүн бүрээр тодорхойлолт хийж дүгнэлт гаргалаа, бид. Цаг үе нь тэгж таарсан учраас морины хажуугаар улстөр ярихаа мартсангүй. Ц.Хэнмэдэх гуай бол улсын сайн малчин, Сүхбаатарын одонт, Монгол Улсын Тод манлай уяач. Уяачид түүнийг хүлэг уях урлагтай нэгэн гэлцэх юм билээ. Тэрээр 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Сэргэлэн сумын гаргүй Г.Чулуун гуайгаас хүрэн халзан азаргыг нь авч анх уясан гэдэг. Халзан азарганы эцэг нь Нялгын Падын Янзага хүрэн гэж хурдан азарга байжээ. Түүний түрүү авсан анхны наадам нь 1977 оны улсын наадамд хүрэн халзан азарганы төл Жураан хэмээх зээрд соёолон дөрөвт хурдалж унаган морио улсын наадамд айрагдуулсан байдаг. Хамгийн сайн давхисан, алдаршсан хурдан морьд гэвэл өвгөн цавьдар азарга хязааландаа Баянцагаанд түрүүлж. азарга болоод улсын наадамд нэг аман хүзүүлж, хоёр айрагджээ. Түүний угшлын хар морь улс бүсийн наадамд хоёр түрүүлж. нэг аман хүзүүлэн, дөрөв айрагдсан байна. Харин хээр морь нь бүс, аймаг сумдын наадамд 10 гаруй удаа айраг түрүүнд хурдалжээ. Түүний хүү Х.Түвшинсанаагийн зээрд азарга, цавьдар морь Мөнгөн зээрд халзан азарга зэрэг хүлэг улсын наадамд айрагдаж байв. Гэхлээ түүнд бусад уяачдаас ялгагдах нэгэн онцлог бий. Энэ нь өөрийн унаган адуугаа наадамд сойж, айраг түрүүг ажралгүй авдаг нь эрдэм гэлтэй. Унаган адуугийнх нь тухай цухас дурдахад, түүний аав Шархайн дууч Цэрэн гэж Манзушир хутагт Цэрэндоржийн найр наадам дээр дуулж явдаг хүн байж. Тэр үед Хутагтад Гадин засгийн хошуунаас нэгэн шарга азарга өргөлд иржээ. Түүний төлөөс дөрвөн шарга азарга гарсан байна. Тэр азарганууд хэн, хэнд очив гэвэл Цэрэндорж хутагтын ах Мөр, хүргэн шуухинаа Жадамба, уяач шатан Гомбожав, дууч Цэрэн нарт хүрчээ. Энэ шарга азарганы угшил нь өнөөдөр Ц.Хэнмэдэх гуайд айраг, түруү авчирч буй хурдан хүлгүүд ажээ. Энэ зуур хүлэг ярихын хажуугаар амны зугаа болгож хошигнохоо тэр бас мартсангүй. Тухайлбал, Дундговь аймагт Мон-Уран-ы Б.Наранхүүгийн сурталчилгаанд явж гэнэ. Нэр дэвшигчийн уулзалтад оролцохоор сум орон нутгийн хүүхнүүд ч байдгаараа гоёод ирсэн байж. Энэ үед Ц.Хэнмэдэх гуай, улсын харцага Л.Пүрэвжав нар нэг машинд суучихсан Л.Пүрэвжав Хэнмэдэх ах минь, наана чинь хүүхнүүд бүлтийтлээ хараад байна. Та машиныхаа Цонхыг нээгээд гараа даллаач дээ гэж. Мань хүн ч нэр дэвшээч аятай цонхоо нээгээд гараа даллах үед өнөөх Л.Пүрэвжав харцага Хайртай шүү гэж орилоод амжжээ. Үүнийг тэрээр Дэггүй харцагаас болж баларсан шүү. Хүүхнүүд өтөлж чаддаггүй өвгөн бэ гэж бодсон байх даа хэмээн гэрт цугласан олныг хөгжөөв.
Тод манлай уяачтай хурдан морьдын давхианы газар ийн хөөрөлдлөө.
-Уясан морьд тань хурдтай, уяа сойлго таарч байна уу?
- Энэ жилийн наадамд зургаан насны 12 морь уяж байна. Уяа сойлго нь тавтай сайхан таарч байна.  Анх 1996 онд адууныхаа тевшинг тогтоохоор зургаан насанд нас бүрд зургаа буюу нийт 36 адуу улсын наадамд уяж байлаа. Түүний хажууд ч 12 морь гэдэг цөөхөнд тооцогдох шүү.
-Уясан морьд өнгөтэй сайхан харагдаж байна. Уяачийн амжилтаа дурдахгүй юу?
-Аймаг, суманд айрагдаж байсан гол хурд бол халзан азарга. Улсад төдийгүй Хэнтий, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь гээд бүс аймаг улсын уралдаанд айраг, түрүүг авч байсан хүлэг бий. Мөн 1977 оны улсын наадамд хүрэн халзан азарганы төл Жураан хэмээх зээрд соёолон дөрөвт хурдалж унаган морио улсын наадамд айрагдуулсан. Хамгийн сайн давхисан, алдаршсан хурдан морьд гэвэл өвгөн цавьдар азарга хязааландаа Баянцагаанд түрүүлж, азарга болоод улсын наадамд нэг аман хүзүүлж хоёр айрагджээ. Түүний угшлаас хар морь улс бүсийн наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүлэн, дөрөв айрагдсан байна. Харин хээр морь нь бүс, аймаг сумдын наадамд 10 гаруй удаа айраг түрүүнд хурдалжээ. Ер нь улсын хэмжээнд унаган адуугаараа 25 удаагийн айраг, түрүүг авч алдарт цолыг авсан юм. Тухайлбал, нас бүрээр 36 морь сойдог жилд соёолон насанд хар морь маань түрүүлээд ирж байлаа. Адууныхаа төвшинг тогтоох зорилгоор олон адуу уясан нь тэр. Тэр төвшингөөр бол манай адуу уралдсан морьд дээгүүр барианд орж байлаа. Энэ нь Монгол хоёр сая адуутай гэж үзвэл миний адуу эхний 600 мянгад нь орох юм билээ.
-Та удмын уяач хүн байна. Аавынхаа тухай жаахан тодруулж ярина уу?
- Аавынхаа өвлүүлсэн хурдан хүлгийн удмыг тасалчихгүй юм гэж хичээж л байна даа. Аав маань их бэлэг дэмбэрэлтэй зүйл ярьдаг байсан гэнэ лээ. Манайд хүу төрвөл бөх төрнө, унага төрвөл хүлэг төрнө гэж. Аавын маань ерөөлөөр манайд бүх хүлэг аль аль нвь төржээ. Миний морь 18 настайдаа Алтан-Овоод аман хүзүүдэж 20 настайдаа Их хурд-д таваас ухарч 15 дугаар байранд орж байлаа. Их хурдад таван удаа уригдсан морь түүнээс өөр байхгүй. Тэгээд ч 20 настайдаа уралдсан, морь бас түүнээс өөр байхгүи байх аа. Түүнийгээ би 20 жил тоосоо өргөсөн хосгүй ган эрдэнэ гэж боддог юм. Хурдан хүлгээс гадна  хоёр хүү маань бөх боллоо.  Х.Амараа, Х.Түвшинсанаа хоёул Улсын начин. X.Амараа нь Азийн аварга болоод зогзохгүй олон улсын тэмцээнд олон удаа шан хүртсэн баина. Одоо Хүч нийгэмлэгийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Харин Х.Түвшинсанаа маань Төв  аймагт намын хариуцлагатай алба хашиж байна. Ер нь Монгол хун амны бэлгээс ашидын жаргал гэдэгчлэн сайн эцгийн буянаар сайхан л амьдарч байна. Аав маань хэлэхдээ Хонхортоо хочгүй явахыг сайн хун гэнэ. Түүнээс эрдэмтэй баян чинээлэг болгон сайн хүн биш гэдэг байлаа. Түүний хэлж захисныг бодоод архи ууж, тамхи татаж сурсангүй. Хүүхдүүддээ өв хөрөнгө гэхээсээ илүү хөдөлмөр бүтээлийг өвлүүлэхийг л зорьж явна даа. Харин морь уях эрдмийг аав.гэхээсээ илүү хөл хэмээх Шагдар ах маань өвлүүлсэн юм. Аав маань намайг хүүхэд байхад насан эцэслэсэн юм даа.
-Ахынхаа тухай ярихгүй юу?
-Хөл гэж хочилсон нь том хөлтэй гэсэн үг биш л дээ. Тэднийх байнга хүнтэй, хөл ихтэй учраас тэгж хочилсон юм билээ. Ах маань Сунгасан морио хагас идүүлж, хагас усал гээд бүхий л эрдмээ надад зааж өгсөн дөө. Одоо үүнийг нь сонирхсон хүн бүрт нь хэлж өгөхийг л хичээж байна. Надад ахынхаа талаар мартдаггүй нэг дурсамж байдаг юм. Юу гэхээр намайг таван настайдаа морь унаж сурах аядаад явж байтал Баянбулагиин хөндийд    нэг сарлаг таардаг юм байна. Гэтэл морь сарлагаас үргээд хадан хясаа руу давхичихлаа. Тэр үед ах маань хонио эргүүлж байсан болохоор харчихаад морин дээрээс маань намайг шүүрээд авч байсан юм даг. Тэгэхгүй бол морь хясаа руу очоод зогтусахад би хад руу шидэгдэх байсан юм. Ингэж л намайг аварсан хүн дээ. Одоо ч би ахаасаа сурсан эрдмээ болсон, болоогүй бурж л суух юм. Жишээлбэл, Морийг уянд ороход ямар ч байсан гэдэсний хөндүүрийг ав, тавагны хөндүүрийг ав, цаашлаад биений хөндүүрийг гарга гээд л.
-Та морь уяхыг сонирхол гэж хардаг уу. Одоо ч бэл бэнчинтэй бүхэн морь уяж соёл гэхээсээ илүү сонирхол болоод байна шүү дээ?
- Морь уях нь Монголын үндэсний соёл. Монгол хүн дээр үеэс морь уяхаа хийморийн чагтага. Найрлахдаа буяны чагтага. Бөх барилдахаа насны чагтага гэдэг. Энэ утгаараа сонирхол гэхээсилүүтэй дэлхийд хэзээ ч даяарчлагдахгүй үндэсний соёл. Монгол орны тусгаар тогтнолын баталгаа болж явдаг өв дамжиж өвлөгдөж ирсэн соел шүү дээ. Монголын морин спорт уяачдын холбоо гэж байгуулагдлаа. Үүнээс хойш монгол адууг Монголдоо уралдаад зогсохгүй Азийн морин уралдааны гишүүн боллоо. Цаашлаад дэлхийн морин уралдааны гишүүн болохоор материалаа бүрдүүлж өгөх гэж байна. Энэ бол сайхан мэдээ шүү.
 -Цаггаа та 5000 малтай Монголын толгой баяны тоонд ордог байлаа шүү дээ?
-Цас зуд хагасыг нь аваад явсан. Одоо хүү дээр 3000 бий.
-Та ингэхэд морь худалдаж авч байсан уу?
 -Цусыг нь сайжруулахын тулд авалгүй яах вэ. Өөрийн адуун дээр Сэргэлэнгийн олон хурдан адууны дээд угшил болсон Мишиг барган хээр азарганы төл паргиа Гомбосүрэнгийн хээр гэж хурдан азарга авч байлаа. Цагаан сарын уралдаанд их настай явуулахад түрүүлээд ирдэгсэн. Түүнин төл Доржсүрэнгийн хээр азарга, Баян сумаас хоёр хул азарга, Чулуун гуайгаас хүрэн халзан азарга, Говьсүмбэр аймгийн дөрвөд Цэвээндоржоос Увс гаралтай хонгор азарга, 1982 онд Төв аймгийн Баянцагаан сумын царцаа Дашнямын өлгөр хээрийн төл лантуу Лодонгийн Гомбын цавьдар азаргыг Сэргэлэн сумын Чулуунбатад ирээд байхад нь 10 мянган төгрөгөөр авсан. Мөн Дорноговь аймгийн Сүмбэр, Их-хэтийн Нарангэрэл нараас хурдан удамтай сайн азаргануудыг авч байсаан.Бас сайн гүүнүүд ч авч байв. Тухайлбал Баянцагааны Тожилоос Данзаннямын хүрэн азарганы эх хар гүү, Авдрын энгэрийн бахираа Найдангийн Харилтгүй хар бүргэд хар азарганы төл саарал гүүг тойн Пүрэвдоржоос гурван адуугаар авч Сэргэлэнгийн Магалжавын хээр алаг азарганд хураалгаж хэдэн төл авч байв. Цавьдар азарганд Доржсүрэнгийн хээр, Магаагийн алаг азарганы төл гүүнүүдээс гадна өөрийн унаган гүүнүүд хураалгасан. Эдгээр адуун дээр Сэргэлэн сумын жолооч Л.Ухнаагаас бэлбэсэн зээрд азарга авч өөрийн унаган гүүнүүдээ хураалгасан. Баянжаргалан сумын Жагдагын бэлэглэсэн Галын Шагдарын адууны угшилтай монхор цавьдар азарга, Сүхбаатар аймгийн аварга Дондовын хүү Энхээгийн хүрэн азарга, Эрдэнэцагаан гаралтай хээр азарга, Хэнтий аймгийн Баянхутагаас гаралтай шинэ зээрд азарга, өвгөн цавьдарын угшилтай Мөнгөн хэмээх гадсан сартай цавьдар азарга гээд олон сайн азарга тавив. Иххэт сумын хурдан морьт монгол улсын алдарт уяач Нарангэрэлээс хурдан хонгор морь, хэдэн гүү авсаны дотор хамар цагаан хул гүүний төл хонгор халзан азарга гарсан. Магалжавын алагийн угшилтай гүүнээс гарсан хүрэн азарганд цавьдар азарганы охин талын дөрөв дэх үеийн байдсыг хураалгаж хүү Түвшин-санаагийн цавьдар азарга гарсан. Энэ азарга улсын наадамд 6-8-д давхиж улс бүсийн наадамд гурав айрагдсан. Жаргалантын хөдөлмөрийн баатар Шаравдоржоос Аргай хул азаргыг 40 хонь 300 мянган төгрөгөөр авч өөрийн угшилт гүүнүүдээ хураалгаж байлаа.

 Энэ жилийн баяр наадамд амжилттай оролцоно гэдэгтээ хэр итгэлтэй байх юм?
-Амлах хэцүү. Уясан хүн болгон дээгүүр уралдана, айрагдаж түрүүлж юуны магад гэж боддог шүү. Түүний нэгэн адил дээгүүр уралдах юмсан гэж бодож байна.
-Таны хөвгүүдээс морь уяхыг өвлөгч бий биз?
-Аймгийн сайн малчин Х.Мэндээ бас Х.Түвшинсанаа хоёр морь уях сонирхолтой. Гэхдээ уяхаасаа илүү уралдаанд түрүүлээд ирэхийг нь харах дуртай улс юм. Өнөөдөр хүүхдүуд маань сайн сайхан яваа нь өтөл миний аз жаргал юм. Хоёр охин маань АНУ-д бусад нь Монголдоо өөрийн гэсэн байр сууриа олчихсон байна.
-Сайн амжилттай яваа эр хүний цаана халамжит хань байдаг. Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Хэдэн малыг өсгөхөд гол ноён нуруу болж байсан хүн бол миний хань П.Цэндсүрэн. Эрүүлийг хамгаалахын тэргүүлэх ажилтан төдийгүй Алтангадас одонтой. Өнөөдөр хань маань хотод ач, зээгээ харах ажилтай болсон доо гэсээр бидний яриа өндөрлөсөн юм. Ийнхүү тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн идээшиж дассан унаган нутагт саатаж, түүний амжилтын талаар ярилцсан нь энэ. Буцах замдаа бид түүний сэтгэлийн хат, хурдан хүлгийн гайхамшигт чанар, түүнд татагдсан хүн гэдэг амьтны сэтгэлийн гоо сайхны талаар хүүрнэлдэх ажгуу. Энэ зуур нэгэн найрагчийн
Номин өнгөөр дуниартсан Монголын их талд
Догшин морьдын тоос нар тосон цацлана
Ноёлог уулсын оргилд хурын үүл сульдаж
Долоон сарын цэцгэс агтны хелсөнд нялхарна
Тэнгэр хээлэх үүлс хурдны морьдыг мялааж
Тэхийн зогсоолт уулс хийморийн тоосыг даллана
 
Хадган сахиустай хусуур тэнгэрийн өнгөнд сүлэрч
Халхын сайхан эрс хуртай айрганд хөлчүүрнэ
Зэрэглээ татсан толгод диваажин мэт амирлангуй
Цэцэгс нь хүртэл бөхөлзөж наадмын дэвжээг аргадахуй
Засагт хааны хүлгүүд гараа орхин дэгдэж
"Цахиур Төмөр"-ийн нутагт хангал морьд үүрсэлдэн буй
Ташуур өргөн гийнгоолох цовоолог багачуудын дуунд
Таван тансагийн орон хураар уйлж мэлмэрнэ
Талын цэцэгсийг сөхрүүлэх догшин хүлгүүдийн тоос
Тал хангай говь гурван нутагт минь шүхэрлэн байна хэмээн дуулсан шүлгээр удахгүй болох наадмын өргөл баривай.


  Д.БОЛОРМАА, Л.ЦЭРЭННАДМИД

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна