Ононмөр Хавангийн домог

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 06 -нд

Одоогийн Хэнтий аймгийн Дархан сумын нутагт Онон мөр хаван хэмээх алдартай уяач байжээ. Нэг жил Галшарын өвгөн ноён Пүрэвжав түүнийг урьж "наадам хийе, чи хө хэдэн түрүү горьдох хүн бэ?" гэж асуухад хариуд нь Онон мөр хаван "гурван түрүү л горьдоно" гэхэд нь өвгөн "Чи арай барахгүй биз ээ" гэж хэлээд наадмын болзоог тохирчээ. Наадам дөхөж, ойртож нийлэх үед өвгөн ноёны морьдыг үзээд өөрийн нь морьдын өмнө гарах морь байхгүй байсан боловч нэгэн морь майханд нууц уяатай байгааг мэджээ. Тэр морийг орой харуй бүрий болох үеэр адуунд тавихад адууны даамал Дашпунцагтай уулзаж "за би чамаас авах морины авлагаа болилоо. Сайхан моринд нэг мордож үзье. Ноёныхоо тэр хурдан морийг нэг бариад өг, ганцхан мордоодохъё, хүнд хэлж болохгүй шүү" хэмээн тулгаж.
Дашпунцаг нөгөө ноёноос айх боловч авлага өглөгийн шалаанаас гарахын түүс болохдоо бариад өгч гэнэ. Онон мөр хаван нөгөө морины буруу талын тохмыг нугалан эмээллэж мордоод адуу нэг тойрсноо тавьчихжээ. Маргааш нь ноён далд морио ил гаргаад уячихсан Онон мөр хаванг дуудуулж гэнэ. Мэдчихжээ, одоо хэрэг буруудав гэж айсаар ноёнд бараалхтал "За хө, Онон Мөрөө тал ир мултрах гэж бий юу?" гэж уурласан, хардсан шинжгүй асуухад нь Онон Мөр сэхээ авч "Жа мэдэхгүй, сонсоогүй л юм байна. Чулуун дээр хөрвөөчихсөн байж мэднээ. Бөөрөнхий чулуу загас маханд нь таарчихсан болов уу хэмээн ухаан зарж тайвшруулахад ноён "Ээ тийм гэж үү. Буруу тал мултарна гэж бас байх аа. Би ч лав гурван түрүү авчээ" гээд мөрийгөө авч байсан гэдэг. Тэр наадамд Онон Мөр хаван тийнхүү амласан 3 түрүүгээ авч өвгөн ноёныг ялж таашаалыг нь ихэд хүлээжээ. Энэ алдарт уяачийн хурдан хүлгийн удам унаган нутагтаа удам судраа хадгалсаар өнөөг хүрчээ.

Л.Сандуй


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна