3000 гаруй хамгаалалтын хувцас авчирсан

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 07 -нд

Улсын баяр наадам хаяанд ирсэнтэй холбогдуулан өчигдөр буюу 2012 оны 7-р сарын 06-нд ММСУХ болон Монголын үндэсний хүүхдийн төлөө газраас унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцасны талаар хэвлэлийн бага хурал зарласан билээ. Уг хуралд ММСУХ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Я.Болдбаатар: ХТГ-ын захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Ундрах, ХТГ-ын хүүхдийн эрх хамгааллын мэргэжилтэн Г.Ойнбаяр, “Монгол глобал” ХХК-ийн захирлын зөвлөх Ч.Эрдэнэцэцэг нарын хүмүүс ирж мэдээлэл хийлээ.
-Г.Ундрах: “Аливаа уралдаан тэмцээн болоход хүүхдүүд хамгаалалтын хувцасгүй, эсвэл чанарын шаардлагад нийцэхгүй, стандартын бус малгай өмссөн байдаг. Ямар ч хамгаалалтын хувцасгүй уралдсанаас болж хүүхдүүдэд сөрөг үр дагаврууд нэлээн гардаг билээ. Иймээс энэ жилээс ММСУХолбоо мэргэжлийн үүднээс хандаж тодорхой хамгаалалтын хэрэгслүүдийг олгох болж, үүнийгээ эцэг эхчүүд, уяачид, хүүхдүүдэд санал болгож байгаа юмаа. Мөн улсын баяр наадамд уралдаж, амжилт гаргасан хүүхдүүдэд хүүхдийн төлөө газрын авъяас алтан медалийг жил бүр гардуулдаг.  Энэ жил  ч бас 30 хүүхдэд  энэ медалийг уламжлал ёсоор өгнө.
-Я.Болдбаатар- ММСУХолбоо  унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг оруулж ирээд, одоогийн байдлаар хөдөө орон нутагт борлуулж байна. Хүүхдийн төлөө хэлтсийн мэргэжилтнүүд тодорхой судалгаа авч өгсний үндсэн дээр бид хамгаалалтын хувцасыг оруулж ирсэн л дээ. Орон нутгууд  тухайн аймгийнхаа баяр наадмын комисстой ярилцаж  асуудлаа шийдээд, хувцасаа аваад эхэлчихсэн байна . Одоогийн байдлаар 3000 ширхэг хамгаалалтын хувцас орж ирсэн байгаа. Энэ бол хүрэлцээтэй тоо юм. Ер нь бол манайхан хамгаалалтын хувцасны ойлголтгүй байсан. Стандарт хэмжилзүйн газраас хамгаалалтын хувцасны стандартыг тогтоож өгсөн учраас  бид стандарт , чанарын тал дээр нэлээн анхаарч ажилласан. Мөн хөдөөгийн малчид маань худалдаад авчих боломжтой, үнийн тал дээр анхаарч, тогтсон нэг үнийг тухайн компанидаа санал болгосон юм. Бас нэг  зүйл бол малгайг размертай болгосон. Энэ нь тухайн үйлдвэрлэгч компанидаа хүндрэлтэй ч хүүхдүүдийн хувьд маш чухал. Малгайг нэг хэвэнд цутгаж хийдэг байсан бол сая размер болгон дээр хэв гаргаж үйлдвэрлэсэн. Долоон настай хүүхдийн размер 56. Тэгээд л түүнээс дээш байгаа даа. Тухайн компаниас олон улсын стандартын малгай үйлдвэрлэсэн гэсэн баталгааг бидэнд өгсөн.
-Г.Ойнбаяр- Хамгаалалтын хувцас хэрэглэл гэдэг бол хамгийн чухал зүйл юм. Учир нь мориноос унаж, ойчсон хүүдүүд  тархиндаа гэмтэл авах магадлал өндөр байдаг. Тиймээс хамгаалалтын малгайг заавал өмсүүлэх шаардлагатай юм. Энэхүү хамгаалалтын хувцасыг хөдөө орон нутагт байгаа салбар комисст хүргэхэд удаашралтай, хүндрэлтэй байгаа. Хөдөө орон нутгийнхан Улаанбаатараас хамгаалалтын хувцас хэрэглэл авах нь хүндрэлтэй байгаа ч зарим аймгийнхан  уяачдын холбоо, засаг даргын тамгын газраараа дамжуулаад хамтраад захиалаад авч байна. Өнгөрсөн жил 1000 гаруй хүүхэд уралдсан. Бид хөдөө орон нутгаас 21 аймгийн хүүхдийн төлөө хэлтсээс хичнээн хүүхэд уралдах тухай дундаж тоо баримтыг судалгаа хийж аваад захиалгаа өгсөн байгаа. Нэг аймагт дунджаар 250-300 ширхэг хамгаалалтын хувцас авахад хүрэлцэнэ гэсэн судалгаа гарсан.  Нэг хүүхэд 2-3 морь унаж уралддаг учраас 3000 хүрнэ гэж үзсэн. Хүүхэд мориноос унах эсэх нь хүүхдийн өөрийн нь чадвараас шалтгаалах ч хамгаалалтын хувцастай бол гэмтэж, бэртэх нь харьцангуй гайгүй шүү дээ.  Саяхан гэхэд л Дүнжингаравын уралдаан болж 700-аад морь уралдахад 23 хүүхэд мориноос унаж, 2 хүүхэд гэмтэж бэртсэн. Ер нь бол нэг уралдаанаас 2-3 хүүхэд унаж бэртэх асуудал гарч байгаа.
-Ч.Эрдэнэчулуун: Манай компанийн зүгээс энэ жил Хүүхдийн төлөө үндэсний газар болон ММСУХ-той хамтарч ажиллах болсон нь үндсэн 2 шалтгаантай. Учир нь унаач хүүхдүүдийн хувьд 1-рт эрх ашиг, эрүүл мэндийн хувьд зөрчигддөг. Бидний зорилго бол унаач хүүхдүүдийг алдаршуулах тухай юм. Түрүүллээ гэхэд  эзэн, морь хоёр нь алдаршдаг. Хурдан моринд зориулсан хөшөө босдог.  Манай захирал өөрөө 6 сарын 1-нд төрсөн хүн байдаг учраас хүүхдүүдийн төлөө юм хийх хэрэгтэй гэсэн санаачлагынхаа үр дүнд өнөөдрийн улсын баяр наадамд оролцож байгаа юм. Компаний зүгээс сая төгрөгний алтан гэрэгэг энэ жил зургаан насны морины айргийн тавт орсон нийт 30 хүүхдэд 960 сорьцтой, 14гр-ын цэвэр алтан  гэрэгэг  өгнө. Шагналыг яаж олгох вэ гэхлээр уралдаан дууссаны дараа хүй долоон худагт байрлах цэнгэлийн манлай галын хүндэтгэлийн өргөөнд албан ёсоор гардуулж өгөх болно. 

Ш.Бадмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна