П.Энхмөнх: Аавынхаа хэмжээнд хүрээгүй байна

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 09 -нд

ММСУХ-г үндэслэгч Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнх: Аавынхаа хэмжээнд хүрээгүй учраас өвлүүлж үлдээсэн зүйлийг нь хэрэглэдэггүй

Мал гэхээр нүдээ аньдаг, мах гэхээр инээд алддаг олон хүнийг моринд урвуулж уруу татсан Г.Пунцагбалжир агсны гавьяаг одоо хэр ньуяачид дурсдаг. ММСУХ хэмээх өнөр бүлийн өрхийг татаж, голомтыг бадраасан тэрээр өвлийн морин уралдааныг анх удаа зохион байгуулж МУ-ын Тод манлай, Манлай уяач цолыг бий болгосон гэдгийг морь сонирхогч та бүхэн мэднэ.Ингээд түүний хүү П.Энхмөнхийг урьж, аавынх нь талаар дурсамж сөхсөн юм.
 -Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Улсын баяр наадмын хязаалангийн түрүүг хүртсэж байсан. Тэр үеийн сэтгэгдэлийг эргэн дурсахад.
  -Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ой баяр наадамд хүрэн хязаалан маань түрүүлэн сайхан наадсан. Дараа нь энд тэндэхийн жижиг овоо наадмуудад уралдсан. Архангайд болсон Даншигт улсад түрүүлсэн хүрэн үрээ маань давхар уяатай нэлээд олон
уралдчихсан болохоор тамир нь хүрсэнгүй зургаалж байсан. Үзүүр дээр хүрч ирээд зуухан метр дутуу байхад нам суусан. Наадам нэгээр дуусах биш. Морь, хүүхэд эсэн мэнд л бол наадам олон гээд өнгөрч байлаа.
-Хүрэн үрээ танай унаган адуу байхаа.
-Яг үнэндээ би мориндоо тийм ойр байж чаддаггүй. Компаний ажил байна. Манай адууг МУ-ын Манлай уяач "Бандгай" буюу Ганхуяг ах маань уядаг. Тэр хүн л нарийн ширийнийг нь мэднэ дээ. Бандгай ах маань хүний өөрийн нийлсэн 150 гаруй хурдан адуунаас шилээд л уядаг юм. Түүнээсаа 15 адуу уралдуулахад гурав нь айраг түрүү авч байлаа. Бусад нь дандаа эхний арав дотор давхисан гээд бодохоор сайхан нааддаг сайн уяачдаа. Улсад түрүүлсэн хүрэн үрээ маань миний унаган адуу байгаа юм. Улсад нэг түрүүлж, хоёр айрагдсан хар үрээний төрсөн дүү нь. Энэ хоёрын эцэг нь нэг хар азарга бий. Улсын наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэж байсан. Морь сонирхдог хүмүүс, уяачид андахгүй дээ. Угшлыг нь хөөвөл Жаргалант зүгийн адуу л даа. Аавын маань цуглуулсан хурдан буян үр төлөө өгч, манайх "Их хангай" гэдэг угшил бий болгосон. Адуу маань ч овоо өслөө.  Одоо 600-700 хүрчихээд байна. Бандгай ах маань 16-н адуучингаа командлаад л явж  байдаг юм. Тэгэхээс ч өөр яахав. 1994 онд манай компанид орсоноосоо хойш манай уяачаар ажиллаж байна. Нэг үе Манлай Батчулуун ах хамт уяалцдаг байсан юм. Одоо Батчулуун ах маань бие дааж морио уяж байгаа. Олон жил нөхөрлөсөн болохоор бид чинь төрсөн ах дуу шиг л болчихсон. Бандгай ах маань намайг зэмлэнэ, загнана, морийг чинь ингэж хайрлах ёстой, ийм байвал сайн байдаг юм, миний дүү гээд надад зөвөлгөө их өгнө. Аавын маань оронд аав болж яваа хүн дээ.
-Уяачидтай уулзаж байхад Пунцагбалжир агсныг дурсахгүй өнгөрдөг хүн цөөн таардаг. ММСУХ-г үндэслэж, 1 сая төгрөгний бооцоотой уралдааныг зохион байгуулсан гээд энэ хүний морины төлөө хийсэн бүгдийг ярина гэвэл нэлээд хугацаа шаардагдах байх?
 -Хүүхдүүдээ сайн эр болгохын төлөө өвөл морь уралдуулдаг байсан эзэн Чингисийн үеийн уламжлал нэг үе алдагдсан байсан. Аав маань энэ заншлыг сэргээж байлаа. Одоо хаврын тэргүүн сарын уралдаан бараг уламжлал болчихож дээ. Улсын наадмын түрүү морийг 20 мянган төгрөг, жижиг дугуй булантай цай, хадаг, шаазан аягатай айргаар мялаадаг байхад, аав маань сая төгрөгний шагналтай анхны өвлийн уралдааныг зохион байгуулсан. Аавын маань төрсөн нутаг Төв аймгийн Баян суманд болсон энэ уралдаанд улсьпн наадмаас хэд дахин илуү олон морь уралдсан гэдэг юм. Өвлийн уралдааны талаар хүмүүс янз бүрээр ярьдаг ч би хувьдаа дэмждэг. Хүүхдийн хацар, нүд  хөлдөж л гэдэг. Үнэн хэрэг дээрээ тийм байхгүй шүү дээ. Хүн гүйхээр даардаггүй харин ч эсрэгээрээ халууцдаг. Үүнээс ялгаагүй. Харин ч морины бие, хамар амнаас асар их дулаан ялгарч байдаг. Одоо ингээд Өлзийт хорооллын өвлийн уралдаан эхлэх гэж байна. Хагас бүтэн сайныг би тэнд өнгөрөөдөг. Нөгөө эр хүний жаргал эзгүй хээр гэдэг шиг./инээв/
-Хурдан морь, машины үнэд хүрснийг ч аавтай чинь холбож ярьдаг?
-Тэгэхээс ч өөр аргагуй юм. Тухайн үед сайн хурдан морь дээд тал нь 50 мянган төгрөг байхад манай аав сая 500 мянган төгрөгөөр нэг азарга худалдаж авсан. 90 оны үед чинь мөнгө хатуу байлаа шүү дээ. Тэр үед би аавыгаа дагаад Дорнод явсан юм. Танай халиун азаргыг 1.5 сая төгрөгөөр авья гэхэд гэриййн эзэн чихэндээ итгэхгүй байж билээ. Арга ч үгүй биз дээ. Харин миний үеийн хүүхэд нь “Халиун азаргаа зарахгүй, юу ч өгсөн зарахгүй” гээд уйлж байсан нь санаанаас гардаггүй юм. Аав халиун азаргыг эзэнтэй нь хамт авчраад гэрээгээр хоёр жил уяулсан. Дараа нь нөгөө хүн нь нутаг орноо санаад гээд буцчихсан. Анхны болоод ч тэрүү аав маань саарал азаргандаа  жигтэйхэн хайртай байж билээ. Сүүлд "Залуучууд" САА-д бооцоот наадам хийх гээд тийшээ явуулсан.
-Халиун азарга ид шидээ гайхуулж чадсан уу? Үр төл нь хэр хурдалж байна ?
-Өө, байлгүй яахав. Сайхан адуунууд байгаа. Гэхдээ манай аав адууг мөнгөтэй зүйрлэдэггүй хүн байсан. Хэзээ ч хурдан буянгаа мөнгөөр хэмжиж байгаагүй. Тиймдээ ч мөнгө хайрладаггүй хүн байсан байх. Аавын морины төлөө зарлагадсан мөнгийг тооцвол их сонин тоо гарч магадгүй. Тэгэхдээ би хэзээ ч тэгж байгаагүй. Адуу маллана гэдэг санаан зоргын аоуудал биш шүү дээ. Өвс тэжээл, бордооноос эхлээд. Дээр нь арав гаруй адуучид цалинжуулна гээд их ярвигтай. Тийм болохоор би сүүлийн үед адууныхаа тоог багасгахаар ганц нэг наймаа хийдэг болсон.
-Наймаанд хэр вэ? Үнэ хүргэж чадаж байна уу?
-За нэг их айхтар мөнгө төгрөг яриад байдаггүй. Харин мал оруулаад наймаа хийдэг. Лам багш маань хонин сүрэг дунд буян явдаг гэж хэлсэн. Тийм болохоор сүүлийн үед хонь их сонирхдог болоод байгаа. Тоог нь хэлээд яахав. Овоо өсч байгаа шүү. Хүнд өгсөн адуунууд маань очоод сайхан давхиж байна. Өгсөн авсандаа өлзийтэй л сайхан наймаа байгаа биз дээ. Аавыг маань мэдэх хүмүүс, манай найз нөхдүүд ч тэр ганц нэг даага өгөөч, адуутай болох гэсэн юм гээд ирдэг л дээ.
-Сүүлийн үед манайхан гадны хурдан адуунд нүд унагах болж. Өөрийн чинь хувьд?
-Би гаднаас морь авдаггүй юм. Хүн болгон араб адуу л гэж байна. Яс юман дээр монгол адууг гуйцэх   мал   ховор  шүү. Гадаа байдаг байгалийн амьтан маань паартай байшинд байгаад байхаар уушиг   цээжгүй болох нь ойлгомжтой. Хурдан моринд уушигны багтаамж ямар чухал билээ. Ганц нэг адуу авчирсан. Гэхдээ уралдуулахгүй. Цус сэлбэх зорилгоор авчирсан юм. Би ер нь гадаад адууг монгол адуутай уралдуулахын эсрэг байдаг хүн л дээ. Сэрвээний өндөр заачихдаг. Тэгэхээр аргагүй ялгарна л даа.
-Аавынхаа санаачилсан өвлийн уралдааныг үргэлжлүүлж байгаа юу?
Аавынхаа нэрэмжит уралдааныг жил болгон зохион байгуулж, мотоциклиор байлдаг байсан. Сүүлийн  үед захын наадам мотоциклийн байтай байдаг болсон болохоор гурван жил тутамд нэг удаа азарга, их насны түрүүг жип машинаар байлан уралдаан зохион байгуулдаг болсон .

-Сонирхоод асуухад аав тань ямар цолтой байсан бэ? Улс бүсийн уралдаанаас цөөнгүй айраг түрүү авч байсан биз.
- Тоолдоггүй ш дээ. Медалийг тоолдоггүй, тоолбол зогсдог гэж хүмүүс ярьдаг биз дээ. Багцаагаар 16 жилийн хугацаанд гэх юм бол 70-80юм байгаа байхаа. Аав маань 1994 онд ММСУХ гээд энэ том байгууллагыг анх санаачлан байгуулаад  өөрөө ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан. Тэр үедээ МУ-ын Тод манлай уяач, Манлай уяач цолыг бий болгож байсан ч өөрөө алдарт уяач цолоо авч чадалгүй өнгөрсөн л дөө.
Нэхэж олгоно гэж байх уу?
-Байдаггүй юм шиг байна лээ. Аавд нэг л айраг дутуу байсан гэдэг. Гэхдээ минийхээр энэ олон мянган уяачдыг хоолонд хүргэсэн аавд маань Тод манлайгаас илүү цол байдаг бол түүнийг л олгох байсан байх гэж боддог шүү.
-Тэгвэл Энхмөнх гэдэг хүн улсын алдар цолонд хэр ойрхон яваа вэ?
-Морь уядаг бизнесменүүд Манлай, Тод манлай уяач гээд цоллуупаад явдаг. Би үүнийг ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. Тэр хүнийг уяагүй гэдгийг хүн болгон мэдэж байгаа шүү дээ. Миний хобби учраас морь уядаг гэдэг. Тийм л юм бол морио уралдаж ирэхийг хараад кайф ав л даа. 3аавал ч үгүй Тод манлай, Манлай, Алдарт гэдэг цолыг авах гээд гүрийгээд байх хэрэггүй шүү дээ. Миний морийг уяж айрагдуулж, түрүүлүүлсэн Ганхуяг гэдэг хүн л тэр цолыг нь авах ёстой. Би ийм л бодолтой явдаг. Надад морио сайн давхихыг харах л хангалттай. Морь гэдэг чинь хүний хийморийг цаагуураа өргөж байдаг хийморилог амьтан шүү дээ. Би таван настайгаасаа эхлээд хурдан морь унасан. Улс бүсийн наадамд олон айраг түрүү авч байлаа. Өнөөдөр морь унаж яваа хүүхдүүдийг хараад заримдаа атаархах сэтгэл төрдөг. Аавынхаа бий болгосон "Мон-Эрдэнэ" группыг цаашид авч явах үүрэг надад хүссэн хүсээгүй оногдсон. Аавынхаа хийж чадаагүйг нь гүйцээж, компаниа Азийн хэмжээнд хүргэх нь миний мөрөөдөл, зорилго. Гэхдээ аавынхаа хэмжээнд хүрэх яагаа ч үгүй байгаа гэдгээ би мэдэрдэг. Миний аав 300 адуун дундуур машинтай нэг л удаа явдаг. Тэгээд тийм адуу байхгүй байна гэж зүсээр нь хэлдэг байлаа. Аав маань сайхан монгол эр хүн байсан. Би шийрийг нь хатаах юмсан гэж хичээж явдаг.
-Наснаасаа эрт хариуцлага хүлээсэн болохоор, үеийнхнээ хараад зарим үед атаархдаг уу?
-Зарим үед тийм бодол төрдгөө нуугаад яахав. Багадаа аймаар зүггүй хүүхэд байлаа. Адаглаад хурдан морь унаж явахдаа ташуураа унагаачихаад хажуугийн хүүхдийнхээ ташуурыг булаагаад авчихдаг тийм л байсан. Онон   ахыг уяа руу алхаж явахад нь алхааг нь тааруулж байгаад уургаар татаад унагачихаж л байсан. Одоо бол эр өсөж эсгий сунасан. Бизнесийн хүрээнд өөрийнхөө байр суурийг батжуулахаар зүтгэж байна. Хүний хүүхдүүдээс илүү эрт бизнест орсон гэдэг нь үнэн. Гэхдээ бусдад чамлагдахгүй л явж байна. Би багаасаа биеэ даачихсан нь бас нөлөөлдөг байх. Манайхан ер нь их багаасаа биеэ даацгаасан. Манай хоёр эгч гэхэд л хоёулаа аравтайдаа нэг нь Орос руу, нөгөө нь Америк руу сургуульд явсан. Аав ээж маань ч гэсэн намайг, чи биеэ даах хэрэгтэй гэдэг байсан.
-Аавтай чинь нэгэн үе найзалж нөхөрлөж явсан найз нөхөд нь хэр тусалж дэмждэг вэ?
-Тус дэм бололгүй яахав. Аавтай минь хамтарч ажиллаж байсан компанийн захирлууд, эртний сайхан найзууд нь бүгд л тусалж дэмждэг. УИХ-ын гишүүн Батхүү ах манай аавын ёстой жинхэнэ унаган найз нь. Батсайхан ах маань байна. Ер нь сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг, сайн эцгийн буянд би толгой өвдөхгүй явна.
-Талийгаачийг эр хүний чимэг эдлэл хэрэглэлдээ анхаарал тавьдаг нэгэн байсан хэмээн үеийнхэн нь ярьдаг. Аавынхаа эдлэл хэрэглэлээр хэдийд гоёдог бэ?
-Аавын эдэлж хэрэглэж байсан бүх юм нь надад байдаг. Гэхдээ манай гэрт байдаггүй. Одоо чинь хэцүү болсон байна шүү дээ. Сүүлийн үед хулгай нарийсаад, адаглаад машины цонх мэдэгдэхгүй хагалаад дотроос нь бичиг, баримт хамаг юм аваад явчихсан байх юм.Тэгэхээр гэрийн хаалга онгойлгох юу байхав дээ. Ер нь аав ээжийн, дээр үеийн өвөг дээдсийн хэрэглэж байсан эд хөрөнгө бүгд банкинд байж байдаг. Тэр нь амар байдаг юм. Би өөрийгөө аавынхаа хэмжээнд хүрээгүй гэж боддог гэж дээр хэлсэн тийм болохоор, эдлэл хэрэглэлийг нь хэрэглэдэггүй. Аав маань намайг 9-10-тай байхад мөнгөн хэт хутга авч өгсөн. Түүнийг наадам. баяр ёслолоор зүүдэг.       

А.Тэлмэн
 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна