Унаач Т.Отгондорж: Улсын наадамд хоёр дахиа ирээд төв цэнгэлдэхэд орох болсондоо баяртай байна

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 10 -нд

-Баярын сэтгэгдлээсээ хуваалцана уу? Өөрийгөө танилцуулаач?
-Түмэнбаярын Отгондорж гэдэг. Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын дунд сургуулийн тавдугаар ангид сурдаг. Таван настайгаа эхлэн морь унаж байна. Өмнөговь аймгийн 79 жилийн айраг, мөн аймгийн гурван бүсийн уралдаанд хар үрээ, хонгор азаргаар түрүүлж, хар морио гуравлуулсан.  Энэ удаад Улсынхаа наадамд хар морио айрагдуулсандаа баяртай байна. Үнэхээр сайхан санагдаж байна шүү.
Зургаан настайгаа эхлэн наадамд уралдах болсон ч улсын наадмын дэвжээ амаргүй гэдэг нь мэдрэгддэг.  Энэ жил хоёр дахь удаагаа хотод ирж байна. Түрүү жил ирэхдээ таван насны морь унаж, даагаа 11-лүүлж, азаргаа 17-луулж, их морь, соёолон,  шүдлэнгээ зуу дотор оруулж байлаа.
-Хол зам туулж иржээ. Ядрав уу?
-Гайгүй шүү.  Энэ жилийн наадмын эхний өдөр л морио айрагдуулж чадсан болохоор урамтай байна. Дахиад хоёр, гурван насны морь унах байгаа. Амжилт гаргана гэж бодож байгаа шүү. Энэ жил Төв цэнгэлдэхэд орно гэж бодохоор гоё санагдаж байнаа.
-Унаач хүүгийн хамгийн жаргалтай мөч хэзээ байдаг юм болоо?
-Манай өглөө ай даа мөн сайхан даа. Уяа сойлго нь таарсан морьдоо харах тусам энэ баярт өдрийг тэсэн ядан хүлээдэг юм. Морио унаад салхи татуулан давхих ч гоё л доо. Хар морь бид хоёрыг олон наадам хүлээж байгаа гэж бодож байна.
-Сүүлийн асуултыг үлдээж байна?
-Баярлалаа. Тод магнай сайтын хамт олонд ч баярын мэнд хүргэе. Мөн Өмнөговь нутгийнхандаа болон аав Түмэнбаяр, ээж Нэргүй, уяач ах Алтансүхдээ нартаа сайхан наадаарай гэж хэлье. Бид аав ээжээсээ долуулаа. Ах дүүдээ ч гэсэн хайртай шүү гэж хэлмээр байна. 

 П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна