Манлай уяач Х.Бат-Эрдэнэ: “Эр хүний хэмжээлшгүй бахдалыг мэдэрч байна”

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 11 -нд

-Төрийн наадмын хүртсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Тод магнай сэтгүүлээрээ дамжуулан Монголынхоо нийт ард түмэнд баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье.
-Баярлалаа. Төрийн наадамд азарга түрүүлгэж байсан. Одоо их морь түрүүлгэлээ. Том бахархал биз?
-Тэгэлгүй яахав. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байна. Уяач болгон төрийн наадмаас хишиг хүртэхийг хүсдэг. Тэр тусмаа дээд нас гэдэг тэр болгон тохиогоод байх завшаан биш. Хурдан тууртын буян ивээж, төрийн наадамд хязаалан, их морь түрүүлгэн эр хүний хэмжээлшгүй бахдалыг мэдэрч байна.
-Хүрэн морины амжилт бүртгэлд бичигдээгүй байсан. Өмнө нь ямар амжилт гаргаж байсан бэ?
-Соёолондоо 2009 онд Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд аман хүзүүнд хурдалж байсан. Нас нийлээд Өмнөговийн даншигт аман хүзүүдэж, Дорноговийн даншигт айрагдсан.  Ер нь энэ цагийн хурдуудын нэг.
-Хүрэн мориныхоо угшимл гарвалыг танилцуулаач?
-Хэнтий аймгийн адуу байгаа юм. Би хязааланд нь авсан.
-Наадмын өмнөх сунгаануудад ямархуу өнгөтэй байсан бол?
-Хүй долоон  худагт сунгасан. Ер нь сайн байсан болохоор битүүхэн найдаж л байлаа. 
-Таныг хурдан тууртын  босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
-Баярлалаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна